БНСУ-д машины үйлдвэрт ажиллаж байсан 30 орчим насны монгол залуу үйлдвэрийн осолд өртөн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
ВИДЕО:
Харамсалтайгаар амиа алдсан монгол залуу болох Кан Тэ Ван буюу н.Тайван нь одоогоос 27 жилийн өмнө Монголоос Солонгост цагаачилж, “Бүртгэлгүй цагаач хүүхэд” болон амьдарч байсан бөгөөд энэ жил албан ёсны ажилтай болж, тогтвортой оршин суух эрх авсан залуу ажилчин байжээ. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр өгсөн албан ёсны мэдээллээр, Жооллабук-до мужийн Гимже хотод байрлах тусгай зориулалтын автомашин үйлдвэрлэгч "HR E&I" компанийн ажилтан Кан Тэ Ван (32 настай, Монгол нэр нь Тайван) нь арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 тоннын даацтай тоног төхөөрөмж хийж байх явцдаа төхөөрөмжийн хооронд хавчуулагдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар нас барсан гэх мэдээллийг өгөөд буй.
Тэрбээр 1997 онд таван настай байхдаа ээжийнхээ хамт Солонгост цагаачилж очсон бөгөөд бичиг баримтгүй цагаач хүүхэд байжээ. Улмаар сайн дураараа улсаасаа гарсан бичиг баримтгүй цагаачдад дахин хилээр нэвтрэх боломж олгоно гэж Монголын Хууль зүйн яамнаас мэдээлэхэд н.Тайван 2021 онд Монголд ирж, 2022 оны 3-р сард богино хугацааны оршин суух визээр Солонгост буцаж очсон бөгөөд гадаадад суралцах (D-2) статустай болсон байна.
Ийнхүү коллежоо онц дүнтэй төгссөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард "HR E&I"-д судлаачаар ажилд орж, өнгөрсөн зургадугаар сард оршин суух (F-2) статус аваад байсан ч албан ёсны ажилд ороод ердөө наймхан сарын дараа үйлдвэрийн осолд өртөж, харамсалтайгаар амиа алдсан юм.
Түүний ар гэрийнхэн нь тус компанийг олон нийтээс уучлалт гуйж, дахин ийм хэрэг давтагдахгүй байх арга хэмжээ авахыг шаардаж байсан бөгөөд жагсаал зохион байгуулж байсан. Тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллуулаагүй гэх шалтгаанаар тус үйлдвэрийг шалгахыг шаардаж, БНСУ-ын иргэд жагсаж байсан.
Тэгвэл 30 орчим насны н.Тайван гэх монгол залууг хөдөөлүүлэх ёслол уг маргааны улмаас хойшилсоор байсан ч нас барснаас нь 35 хоногийн дараа буюу өнөөдөр /2024.12.13/ түүнийг хөдөөлүүлэхээр болжээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэн "HR E&I" хүнд үйлдвэрийн машин, механизмын үйлвэртэй тохиролцсон тул ийнхүү н.Тайванг хөдөөлүүлэх ёслолыг хийхээр болсон байна.
Талийгаачийн гэр бүлд оршин суух зөвшөөрөл авахад нь тусалсан Цагаачлал, хүний эрхийн хүрээлэнгийн ажилтан хэлэхдээ, "Талийгаачийн ар гэрийнхэн албан ёсоор уучлалт гуйж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн хүсэлтийг компани хүлээж аваагүй тул оршуулах ёслол хойшлогдсон. Гэсэн хэдий ч энэ сарын 10-ны өдөр тус компанитай хоёр цаг гаруй хэлэлцээ хийсний эцэст бид тохиролцоонд хүрсэн. Тохиролцолд заасны дагуу арванхоёрдугаар сарын 31-ний дотор компанийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйхаар болсон. Түүнчлэн, ар гэрийнхэн нь тоног төхөөрөмжийг ажиллуулахдаа аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн. Дахин энэ төрлийн хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон” гэжээ.
Ийнхүү үйлдвэрийн ослоор харамсалтайгаар амиа алдсан монгол залууг хөдөөлүүлэх ёслол олон хоног хойшилсоны эцэст ажиллаж байсан үйлдвэртэй нь тохиролцоонд хүрсэн тул өнөөдөр БНСУ-ын Вонкван их сургуулийн Санбон эмнэлэгт хөдөөлүүлэх ёслолыг хийхээр болжээ. Түүний талаар БНСУ-ын JTBC телевиз бүрэн хэмжээний нэвтрүүлэг хүртэл бэлтгэн гаргасан байдаг.