Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Darkhan United Arena”-д болсон сагсан бөмбөгийн лигийн тоглолтын үеэр А заалны таазнаас ус дусаж тоглолтыг завсарлуулсан.
Уг барилгын зураг төсөв зохиогч “Идиал” групп, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын инженерүүд талбай дээр нь ажиллаж дараах дүгнэлтийг гаргажээ. Тус цогцолборын барилгын ажлыг анх явуулж байсан “Нэмбар" ХХК нь барилга угсралтын ажил хийх үедээ агаар сэлгэлтийн системийн сэнсийг буруу харуулж угсарсанаас гэмтэл гарчээ. Улмаар лигийн тоглолтын үеэр агаар сэлгэлтийн систем нь ажиллаагүй, олон хүний амьсгалтай зааланд халуун хүйтэн харшсанаас усан дусал үүссэн гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна.
Уг эвдрэлийг барилгын ажлыг гүйцэтгэсэн 017-р ангийн мэргэжилтнүүд засварлаж агааржуулалтын системийн ажиллагааг хэвийн болгосон. Дээврийн гүйцэтгэл дутуугаас болж ус дуссан асуудал үүсээгүй гэв.