Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Улмаар одоогоос хоёр сарын өмнө буюу аравдугаар сарын 05-ны өдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж нээлтээ хийсэн байдаг. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр бид уг төслийн эхний үе шатыг нээсэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Энэхүү эхний үе шатыг нээснээр 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 71 км урттай 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг бий болгох боломж бүрдлээ" гэдгийг тодотгосон юм.
Тэгвэл ийнхүү сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станц туршилтын явцдаа дэлбэрч, завсарт орсон байна. Тодруулбал, тус цахилгаан станц нь ачаалалттай туршилт буюу галлагаагаа хийгээд үе шаттай тогоо өгч эхэлж байх үед нь өчигдөр /2024.12.10/ өглөө технологийн дамжлага дээр нь осол гарчээ. Тиймээс уг ослыг яаралтай засахаар ажиллаж байгаа аж.