Утаа, Түгжрэл хоёр Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэж Анагаах ухааны доктор Л.Баттөр өчигдөр /2024.12.06/ мэдэгдлээ. Үүнээс өмнө нүүрсний утаанд агуулагдаж байгаа хүхрийн исэл нь элэгний хорт хавдар үүсгэгч шинэ мутаци бий болгож, энэ нь зөвхөн монгол иргэдэд илэрч байгааг олон улсын эрдэмтэд тогтоосон талаар Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн ч өмнө нь мэдээлэл хийж байлаа.
ВИДЕО:
-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН “УТААНААС ҮҮДЭЛТЭЙ ЭЛЭГНИЙ ХАВДАР ҮҮСГЭГЧ МУТАЦИ МОНГОЛ ИРГЭДЭД Л ИЛЭРЧ БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА БАЙХГҮЙ” ГЭВ
Утаа бол Монгол Улсын иргэдийн бүх өвчний суурь гэдэг нь тодорхой болоод байгаа. Гэтэл өвдөгний үе солих дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмч, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “нүүрсний исэлээс элэгний хорт хавдар үүсгэгч шинэ мутаци бий болгож байгаа талаар ямар ч судалгаа байхгүй. Утаанаас үүдээд өвчин үүсгэгч мутаци бий болно гэсэн шинжлэх ухаан ч хаана ч байхгүй” гэж мэдэгдсэн.
Эмч гэхээр л хүний эрүүл мэндийн бүх эмчилгээг мэддэг болчихдог зүйл биш. Товчхондоо, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханы өвдөгний үе сольдог эмчилгээ бол элэгний хорт хавдар, сэтгэцийн эрүүл мэндтэй огт хамаатахгүй мэргэшил гэсэн үг. Утаанаас үүдэлтэй элэгний хавдар үүсгэгч мутаци монгол иргэдэд л илэрч байгаа нь Хавдар судлалын төвийн эмч нар болоод Америк, Сингапур, Франц, Испанийн эрдэмтдийн хамтран хийсэн судалгаагаар тодорхой болжээ.
Тодруулбал, элэгний хорт хавдар үүсгэгчийг молекул, генетикийн түвшинд шинжилсэн нэлээд өргөн цар хүрээтэй судалгааг Испани болон АНУ-ын судалгааны багтай хамтран хийсэн байна.
Судалгаагаар 200 гаруй элэгний хорт хавдартай өвчтөнүүдээс дээж аван судалж, молекул, генетикийн түвшинд элэгний хорт хавдар үүсгэж байгаа шалтгаанууд юу байгааг нарийвчлан судалсан бөгөөд нэгэн шинэ нээлт маягийн зүйл судалгаагаар нотлогдсон нь хүнд металын хордлогын нөлөөтэй молекулын мутациуд бий болсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл нүүрс шатааснаас үүдэн гарах хүхрийн исэл элэгний хорт хавдар үүсгэгч шинэ хүчин зүйлийг бий болгож, энэ нь зөвхөн монгол иргэдэд илэрч буйг тогтоожээ. Мөн элэгний хавдраар өвчилсөн дөрвөн хүн тутмын нэгд энэ шалтгаан давхар илэрч байгааг судалгаагаар баталсан байна. Товчхондоо утаанаас болж эс өөрчлөгдөж, тэр нь хавдар болж хувирч байна гэсэн дүгнэлт гарчээ.
-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ҮГҮЙСГЭЖ БУЙ СУДАЛГАА “CLINIC CANCER RESEARCH” СЭТГҮҮЛД НИЙТЛЭГДСЭН-
Уг судалгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн баг гадаад, дотоодын судлаач эмч нартай хамтран 5 жилийн турш судалсан байгаа юм. Тэрбээр энэ талаараа, “ХСҮТ-ийн эмч байхдаа элэгний хорт хавдар үүсгэж байгаа молекул генетикийн түвшний нэлээд том судалгааг хийсэн. Үр дүнд нь Монголд элэгний хорт хавдар үүсгэж буй гол хүчин зүйл нь B, С вирус мөн. Мөн бас шинэ нээлт маягийн зүйл нотлогдсон нь хүхрийн исэлтэй холбоотой гэсэн хариу гарсан. Энэ нь элэгний хавдраар өвчилж буй дөрвөн хүн тутмын нэгд нь энэ шалтгаан давхар байна гэдэг нь тогтоогдсон” гэжээ.
Энэ судалгаа нь АНУ-ын “clinic cancer research” гэх томоохон сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Гэтэл үе мөчний чиглэлээр мэргэшсэн салбарын сайд нь “утаа ямар ч хавдар үүсгэх боломжгүй тийм шинжлэх ухаан ч байхгүй” гэж мэдэгдээд байна. Т.Мөнхсайхан сайдыг “утаа бараг хоргүй” гэж ярих хооронд эмнэлгийн кардиорт ханиад, хатгалгаа нь хүндэрсэн хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндэд санаа нь зовсон иргэд Сүхбаатарын талбайд жагсаж эхэллээ.
Тодруулбал, “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан утааны эсрэг “Амьсгалмаар байна” жагсаалыг санаанчлан иргэдийг нэгдэхийг уриалж буй. Мөн “утааны сонсгол” хийхийг шаардаж иргэд гарын үсэг цугуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 70 мянга гаруй иргэн нэгдэж гарын үсэг зурснаар УИХ-аар уг асуудлыг хэлэлцүүлэхээр болоод буй. Мөн цаашдаа 30 хоног уг жагсаалыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.