БНХАУ-ын иргэд энэ сарын 04-05-нд шилжих шөнө Хөшигийн хөндий орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын хоёр иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын нэг иргэний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан. Тус БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл тухайн нэр бүхий иргэдийг "Хүнийг алах" буюу Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Хүнийг барьцаалах" буюу Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна. Улмаар прокуророос дээрх яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, тус шүүхээс энэ сарын 05-ны өдрөөс нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.