БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар энэ сарын 23-наас 25 /2026.09.23-25/-ны хооронд АНУ-д төрийн айлчлал хийхээр болсон байна. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгдлээ гэж Reuters агентлаг мэдээлжээ.
Уг айлчлалын үеэр Ши Жиньпин Д.Трамптай уулзаж, Хятад-АНУ-ын харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжилд хамаарах томоохон асуудлуудын талаар санал солилцохоор төлөвлөжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун хэвлэлийн бага хурлын үеэр хоёр улсын төрийн тэргүүн зургаан сарын хугацаанд харилцан айлчлал хийж буйг “түүхэн бөгөөд чухал ач холбогдолтой үйл явдал” хэмээн тодорхойлсон байна.
Тэрээр Хятад улс АНУ-тай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зохистойгоор шийдвэрлэхийн зэрэгцээ хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгааг онцолжээ. Мөн Бээжин хоёр улсын хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлал нь Вашингтон, Бээжингийн харилцаанд худалдаа, эдийн засаг болон бусад асуудлаарх санал зөрөлдөөн үргэлжилж буй үед болж байгаагаараа анхаарал татаж байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters