УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэллээ.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор хэрэгжүүлж, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 1 болгож хойшлуулахаар тусгаад байгаа.
Хуулийг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулахдаа, “Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгон өөрчлөх, мөн уг хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн” гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ө.Шижир нар улс төрийн намын төлөвшлийг удаашруулах үр дагавартай гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй байх бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Б.Жаргалан нар улс төрийн шалтгаан, учир холбогдолтой, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гэж байгааг дэмжихгүйгээ илэрхийлж, ажлын хэсэг, УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилга гарган хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хугацааг нэг жил болгон богиносгох санал гаргасныг дэмжиж байна гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хууль хэрэгжиж эхэлснээс хойших жил хагасын хугацаанд дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, төлөвшлийг эхлүүлж чадаагүй намууд ирэх нэг жилд энэ ажлаа амжуулахыг зөвлөсөн бол УИХ-ын гишүүн С.Амарсайхан энэ асуудал улс орны амьдралд чухал тул улс төржихгүйгээр шийдэж, намуудад цаг хугацаанд шахагдахгүйгээр дүрэм журам, дотоод байгууллаа шинэчлэх боломж олгох нь зүйтэй гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Батбаатар Улстөрийн намын тухай хуулийг бүхэлд нь дахин эргэж харж, парламентад суудалгүй жижиг намуудын саналыг тусгаж шинэчлэн батлах шаардлагатай гэж үзсэнээ хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хууль хэрэгжээд жил гаруй болж байхад дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүйнхээ төлөө хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зохисгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаах саналтаа хэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх үүднээс дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх, бүртгэх нь чухал учир энэ талаарх боломж бүх намд тэгш байх ёстойг илэрхийллээ.
Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. УИХ-ын тогтоол батлагдсан тул эцсийн найруулгыг сонгов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 11, УИХ-ын тогтоолын дөрвөн төслийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслийг баталснаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Сангийн сайд тэмдэглэв.
Дээрх хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Ганзориг танилцуулсан юм. Байнгын хороо төслүүдийг хэлэлцээд, эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, төсөв хооронд үе шаттай оновчтой зохицуулалт хийн, импортыг орлох, экспортыг дэмжсэн татварын бодлогыг хэрэгжүүлэх, төсвийг алдагдалгүй байлгах зарчимд нийцүүлэн хэрэгжиж эхлээгүй байгаа зарим төсөл арга хэмжээг зогсоох, Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эргэлтийг нэмэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээлд үнэт цаасны арилжааг эхлүүлэх, төр, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих, Ургамал хамгааллын тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулах, урсгал зардлыг багасгахтай холбогдуулан төсөвт хэмнэлт хийх зэрэг зорилгын хүрээнд боловсруулсан байх тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг үг хэлж, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг хэлэлцэхээс татгалзахыг уриалсан бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээний талаар асуулт асуулаа. Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа хуулиуд амьдралаар шалгагдаж, болох, болохгүй нь ялгарч байдгийг онцлоод, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь өмнө хэрэгжиж байсан Концессын тухай хуулиар хувийн хэвшлийнхнийг хашраасан нь нөлөөлж байна гэсэн юм. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлж, өмнө алдаа гарсан байж болох ч түүний сөрөг үр дагаварыг одоо хэр нь төр засаг, хувийн хэвшилтэйгээ үүрээд байж болохгүй. Алдааг засахын тулд холбогдох саналыг боловсруулан УИХ-д оруулж шийдүүлэн, засаж залруулах нь зүйтэй гэв.
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураахад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд эдгээр гурван хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдэж, тогтоол гаргав. Харин хэлэлцэхийг дэмжсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.