Засгийн газар 2025 оныг Залуучуудыг дэмжих жил болгон зарлах бөгөөд орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлэхээр бодлого боловсруулж буй аж.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Үндэсний хороо байгуулагдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд ипотекийн хүрэлцээг яаж нэмэгдүүлэх вэ, зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн санхүүжилтийн урт хугацааны эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажиллаж байна. Ирэх жил ипотекийн зээлийг олгохдоо зорилтот бүлэг рүү чиглүүлнэ. Анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах бодлого барина. Хосууд хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, 2-3 хүүхэдтэй бол 50 м2 хүртэлх орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүнд хамруулах. Урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргах зэрэг хувилбарыг ярилцаж байна" гэжээ.