Өнгөрсөн жилүүдэд ОХУ нь манай улсыг Евразийн эдийн засгийн холбоонд элсэхийг ил, далд байдлаар шахаж ирсэн. Айлчлал, өндөр дээд хэмжээний уулзалт бүрээр энэ талаар дурддаг бөгөөд өнгөрсөн өвөл цахилгаан тасалж хүнд байдалд оруулсан нь ч тус шахалттай холбоотой байсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийж, 300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх гэрээг арванхоёрдугаар сард багтаж байгуулахаар Засгийн газар ажиллаж байгаа талаар зарим хэвлэлд дурджээ.
Монгол Улсыг тус холбоонд элсэхийг гадаад харилцааны мэргэжилтнүүд, судлаачид, эрдэмтэд, эдийн засагчид эсэргүүцдэг. Учир нь энэ хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байгаа гэж буй. Мөн ОХУ эдийн засгийн хоригтой байгаа. Ийм үед бүр гаалийн татвар тэглэх түншлэлийн хэлэлцээр байгуулбал барууны хөрөнгө оруулагчдыг түлхэх эрсдэл бий. Нөгөөтэйгүүр Евразийн эдийн засгийн холбооны таван оронтой 2023 онд хийсэн гадаад худалдааны статистикийг харвал худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх дүн бий. Тодруулбал, 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2.5 тэрбумын бүтээгдэхүүн импортолсон байна. Хэрэв дээрх хэлэлцээрийг байгуулбал худалдааны тэнцэл улам нэмэгдэх нь дамжиггүй. Том болон жижиг орнууд хоорондоо татвар тэглэхээр том нь хождог талтай. АНУ гэхэд БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд 25-65 хувийн татвар ногдуулж,улсынхаа эдийн засгийг хамгаална гэж Ерөнхийлөгч нь зарлачихлаа. Гэтэл манайд эсрэгээрээ... Жинхэнэ эх оронч үйлдвэрлэгчдээ хэн хамгаалах вэ?
ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN