Жил бүрийн 12 сарын 05-ны өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны өдөр буюу Олон улсын сайн дурын ажилтны өдөр (IVD) хэмээн дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний сайн дурынхан “People Power” уриан дор сайн дурын үйл ажиллагааны хөгжил, хандлагад хувь нэмэр оруулах, олон улсын нийтлэг стандарт, туршлага, шинэ санаа, арга зүйг хуваалцах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, зохион байгуулалт, түншлэлийг хөгжүүлэх боломж нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилтэй уялдуулан олон талт, үр нөлөө бүхий төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг шийдвэр гаргагчид, олон нийтэд танилцуулах, тулгамдсан асуудлаа хэлэцэх зорилгоор нэгдэн чуулах юм.
Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, нийслэл, хөдөө орон нутаг, манай улсад үйл ажиллагаа явуулж буй “Дэлхийн зөн”, “Улаан загалмай нийгэмлэг” зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 500 гаруй сайн дурынхан оролцоно. Дашрамд сонирхуулахад, 2024 оны байдлаар үндэсний хэмжээнд нийт 10,000 гаруй сайн дурынхан 5.600.000.000 төгрөг\Таван тэрбум зургаан зуун сая\-өөр үнэлэгдэх нийгэмд тустай ажил үйлчилгээг үзүүлсэн байна.