“Амгалан дулаан станц” ТӨХК-д саатал гарснаар тодорхойгүй хугацаагаар дулаан тасрах мэдээ өчигдөр /2024.12.02/ гарсан.
Энэ талаар “Амгалан дулаан станц” ТӨХК-ийн Техникийн албанаас тодруулахад “2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 12:24 цагт “Амгалан дулаан станц” ТӨХК-ийн туслах тоноглол компрессор №1-ийн статорт богино залгаа үүсэж, сүлжээний усны насосын хүчдэл бууралтын хамгаалалтын тусламжтайгаар зогсоосон. Сүлжээний усны насос зогссон тохиолдолд зуухнуудад ус эргэлдэх боломжгүй болдог ч эдгээр саатлыг технологийн хамгаалалтаар зохицуулсан. Үүссэн гэмтэл, саатлыг үе шаттайгаар засварлаж, станцын үйл ажиллагааг 30 минутын дараа хэвийн хэмжээнд оруулсан” гэлээ.
Тус дулааны станц нь Баянзүрх дүүрэгт байрладаг бөгөөд хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд буюу 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангадаг юм.