Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг энэ сарын нэгнээс нийслэлд шилжүүллээ. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд 10 хувиар, үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж, 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ.
Сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зарж байгаа ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит хийх, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй багасгах, сайжруулсан түлшний одоогийн түгээлтийг технологиор хянах аж. Хэрэглээнд олон төрлийн хийн түлшнийг нэвтрүүлэхээс гадна түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлаа танана. Сайжруулсан түлшний үнийг энэ онд өөрчлөхгүй ч ирэх оны зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Ирэх оны зургаадугаар сарын 1 гэхэд ажилчдын тоог 50 хувь багасгах төлөвлөгөөг НИТХ-д танилцуулахын зэрэгцээ ажлаас чөлөөлөгдөж буй хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагад ажлын байраар хангах бодлогыг барих аж.
Түүнчлэн, ирэх оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна. Мөн үйлдвэрийн шигшүүрүүдийг яаралтай ажилд оруулна. Нийт мидлингийн 30-35 хувийг шууд савлах боломжтой тул мидлингийг савлаж, одоо байгаа өртгөөр нэгдүгээр сараас албан ёсоор худалдаанд гаргаж эхлэх аж. Ингэснээр үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах боломжтой гэж үзжээ. Агаарын бохирдлыг шийдэхэд бүх талаасаа хичээл зүтгэл гаргаж оролцох хэрэгтэйг хотын дарга онцолснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.