"Ханжоу-2022" Азийн наадмаас алтан медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзоригоос тухайн үед допинг илэрсэн бөгөөд тэрбээр “Б” сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Олон Улсын Арбитрын шүүх манай улсын тамирчин Б.Чинзоригийн допингийн асуудлыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хэлэлцсэн байна.
Тус шүүхээс Б.Чинзоригийг допинг буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хориглосон жагсаалтад орсон s1 бүлгийн анаболик стериод болох метандионы метаболит хэрэглэсэн хэмээн үзжээ.
Улмаар Олон улсын Боксын холбооноос холбооны хуулийн 2.1-д заасны дагуу хориглосон бодис хэрэглэсэн хэмээн Б.Чинзоригийг 2023 оны аравдугаар сарын 04-ний өдрөөс дөрвөн жилийн хугацаатайгаар уралдаан тэмцээнд оролцох эрх болон өмнө нь авсан бүх оноо, дүнг нь хасах шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ түүнийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурдсан байна.
Ташрамд өгүүлэхэд, Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад төрөөс сар бүр мөнгөн урамшуулал олгодог бөгөөд ОУХМ, ДАШТ-ний мөнгөн медальт Б.Чинзориг 1 сая төгрөгийн урамшуулал авдаг юм.