ДЭМБ: Сонор сэрэмжээ нэмэгдүүл, коронавирус танай улсад ч гарч магадгүй

ДЭМБ: Сонор сэрэмжээ нэмэгдүүл, коронавирус танай улсад ч гарч магадгүй

ДЭМБ-ийн өчигдрийн/2020.02.28/ хурлаар коронавирусийн эрсдэлийг дээд цэгтээ хүрч, маш аюултай төвшинд байна гэж мэдэгджээ.  Гэхдээ тахал хэмээн зарлахад учир дутагдалтай, иймээс дэлхийн улс орнуудыг халдварыг тахал болохоос өмнө шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авахыг анхаарууллаа.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Раин “Коронавирусийн халдварын эрсдэл дэлхий даяар маш аюултай төвшинд байна. Би хүмүүсийг айлгаж, түгшээх гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ энэ бол дэлхийн бүх улсын хувьд томоохон сорил болж байна. Дэлхийн улс бүр сонор сэрэмжээ нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлд бэлэн байх хэрэгтэй.

Долоон хоногийн дотор л дэлхийн 41 гаруй улсад халдвар тархлаа. Магадгүй маргааш танай улсад ч гарч магадгүй. Иймээс ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, бэлэн байдалд байх хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрээр “Халдвар гарсан орнууд халдварыг зөвхөн өөрийн газар нутаг дээр тогтоон барих бүрэн боломжтой бөгөөд энэ нь улс орнуудын удирдагчдаас ихээхэн хамаарна” гэж хэлжээ. Энэ үеэр ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейюсус “Халдвар одоо ч зарим улсад тархаж байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ одоогоор бидний хамгийн том дайсан бол вирус биш, харин худал мэдээлэл, хий хоосон хөөрөгдөл, нэг нэгнийгээ доромжлох, гадуурхах /Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах/ явдал” гэсэн байна.

Энэхүү хурлаар бүх улс орныг бэлэн байдалтай байж, халдвар гарсан тохиолдолд нэн түргэн арга хэмжээ авах, тусгаарлах эмнэлгүүдийн хүрэлцээтэй байдалд анхаарал тавихыг сануулж байлаа. Мөн коронавирусийн халдвар өндөр настай, суурь өвчтэй хүмүүст илүү хүндээр тусч байна гэсэн юм.

БНХАУ-ын Хубэй мужид үл танигдах халдварт өвчин илэрсэн талаар ДЭМБ анх мэдэгдсэнээс хойш 60 хоног, үүний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг тогтоосноос хойш 52 хоног өнгөрч байна. Өнөөдөр уг халдвар дэлхийн таван тивийн 51 улсад бүртгэгдээд байна. Өчигдрийн байдлаар Алжир, Беларусь, Эстон, Литов, Шинэ Зеланд, Нигер улсуудад шинэ тохиолдол илэрсэн.

Сүүлийн 24 цагийн дотор БНСУ-д 594, БНХАУ-д 428 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Мөн Италид 889, Иранд 388 тохиолдол илэрсэн. Иймээс ард иргэдийг гарын ариун цэврээ сайтар сахиж, дархлаагаа сайжруулах, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулъя.

Эх сурвалж: CNBC