Иран улсын дэд ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Иран улсын дэд ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Иран улсын гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Масуме Эбтекар коронавирусийн халдвар авчээ. Тэрээр лхагва гарагт коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь эерэг буюу халдвар авсан нь тогтоогдсоноор, өөрийгөө гэртээ тусгаарлахаар шийдсэн байна.

Ираны хэд хэдэн өндөр албан тушаалтан коронавирусийн халдвар авснаа зарласан. Тухайлбал Ираны парламент буюу Межлисийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Можтаба Зоннур, парламентын гишүүн Махмуд Садеки, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар халдвар авснаа зарлаад буй.

Мөн улсаа төлөөлөн Ватикан, Египетэд оршин суугч Элчин сайд Хади Хосроушахи коронавирусийн улмаас өчигдөр /2020.02.27/ нас баржээ.

Ираны Кум хотод коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам энэ сарын 19-нд мэдэгдсэнээс хойш нийт 245 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас бараад байна.