АНУ-д коронавирусний эмийг хүн дээр туршиж эхэллээ

АНУ-д коронавирусний эмийг хүн дээр туршиж эхэллээ

Дэлхий даяар 80 мянга гаруй хүнд халдварлаж, 2800 гаруй хүнийг нас барахад хүргэсэн “COVID-19” коронавирусний халдварыг эмчлэх эмийн судалгааг АНУ-ын эрдэмтэд хийсээр байна. 

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээлснээр, вирусний эсрэг ремдесивир эмийг коронавирусээр халдварласан, насанд хүрсэн хүмүүст хэр үр дүн өгөхийг судлах эмчилгээний туршилт Небраска муж улсын их сургуульд эхэлжээ. Уг туршилтын эхний оролцогч нь “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн Америкийн иргэн аж.

Шинэ коронавирусний халдварыг эмчлэх ямар нэгэн эмийг АНУ-ын Хүнс, Эмийн хяналтын удирдлагын газар одоогийн байдлаар батлаагүй байна. Небраска муж улсын их сургуульд туршиж буй ремдесивир эмийг өмнө нь “Эбола” вирусээр халдварласан хүмүүс дээр, “MERS”, “SARS”-аар өвчилсөн амьтад дээр туршиж байжээ.

“БНХАУ-д уг эмийн эмчилгээний туршилтуудыг хийж байгаа бөгөөд АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн одоогийн судалгааг өмнөх туршилтуудад тулгуурлан явуулж байна” гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлжээ. АНУ-д туршилтад оролцогчдод 200 миллиграмм ремдесивирийг дуслаар хийж, эмнэлэгт 10 хүртэлх хоног хэвтэх хугацаанд нь дахин 100 миллиграммыг тарих ажээ.

АНУ-д пүрэв гарагийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 60 хүрчээ. Тэдний 42 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч, 15 нь Хятадын Ухань хотод байсан юм уу тус хотод зорчсон хүнтэй ойр байсан хүмүүс бол 3 нь БНХАУ-аас нутаг буцсан АНУ-ын иргэд юм.