СЭТГЭГДЭЛ: “Хятадын ард түмэн Монголчуудын ачийг үүрд санан дурсах болно” гэжээ

СЭТГЭГДЭЛ: “Хятадын ард түмэн Монголчуудын ачийг үүрд санан дурсах болно” гэжээ

Өчигдөр /2020.02.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-руу айлчлан 30000 толгой хониор тусламж үзүүлсэн талаарх мэдээ Хятадын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олон мянган хүний талархалыг хүлээлээ. Үүнээс улбаалан БНХАУ-ын иргэдийн хамгийн ихээр ашигладаг Wechat, Weibo зэрэг сошиал медиад Монголын ард түмэнд баярлаж, талархсан чин сэтгэлийн үгс бүхий л өдөржин “давалгайлсан” байна. Weibo-д цацагдсан даруйдаа топ 50 мэдээний нэгд жагсан, хоёр цагийн дотор 65 сая хүн үзэж, 287000 лайк, 11600 сэтгэгдэл үлдээсэн мэдээ болжээ. Хятад ард түмний үлдээсэн зарим сэтгэгдлүүдээс дурдвал:

  • “Монголчууд үнэхээр тусч ард түмэн юм. Тэдний тусыг бид мартах ёсгүй”
  • “Сар шинээр гэртээ нэг хонийг 2000 юанаар авсан. Ингээд бодохоор Монголчууд бидэнд 60 сая юань хандивласан байна. Их мөнгө шүү”
  • “Монголчууд шударга, сайхан ард түмэн юм”
  • “Монгол Улсын Ерөнхийлөгч алсын хараатай, мундаг хүн юм аа”
  • “Бидэнд үнэхээр том сэтгэлийн тус үзүүллээ”
  • “Монголын уламжлалт баярынхаа үеэр айлчлан ирж тусламж үзүүлнэ гэдэг үнэхээр сайхан сэтгэл юм”
  • “Халдварт өвчин гарсны дараа хамгийн анх удаа айлчлан ирж буй төрийн тэргүүн болж байна. Үнэхээр дэлхийд гайхагдлаа”
  • “Монгол орон мал аж ахуй эрхэлдэг орон. Байгаа зүйлээрээ, чадах чинээгээрээ тусалж байгаад баярлалаа”
  • “Монголчууд аль эртнээс бидний түнш байсаар ирсэн. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдгийн үлгэр болж байна”
  • “Улсын Ерөнхийлөгч нь өөрийн биеэр  ирсэн гэжүү, итгэмээргүй юм аа”
  • “Ийм сайхан улсад коронавирус гараагүйд баярлаж байна”
  • “Хүнд  үед Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилж 30000 хонь хандивласан нь үнэхээр сэтгэл хөдөлгөж, нулимс гарч байна”
  • “Баттулга ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд маш их баярлалаа, Хятад Монголын эв найрамдал үүрд мандан бадраг, Хятадын ард түмэн үүрд санан дурсах болно маш их баярлалаа”
  • “Улс орны төрийн тэргүүнүүд өөр өөр байдаг л даа. Харин  би Монголын Ерөнхийлөгчийг агуу хэмээн үнэлмээр байна"
  • “Монголын эдийн засаг ч мөн адил сайнгүй байгаа. Гэтэл бидэнд ийм их тус үзүүлнэ гэдэг, үнэхээр өгөөмөр ард түмэн юм”
  • “Эртний түүхэнд бид дайсан байсан ч, өнөөгийн түүхэнд нөхөд болж байна. Ирээдүйд ч ийм байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн маш олон эерэг сэтгэдлүүд хөвөрч байлаа.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Монголчууд эрт дээр үеэс тусч, өгөөмөр ард түмэн гэдгээрээ гайхагдсаар ирсэн. Шинэ айл нүүдэллэн ирэхэд халуун цай, идээ зэхэн очдог, говь нутгийнхан цангасан гийчин ирж магад хэмээн үүдээ түгжилгүй орхидог өвөг дээдсээс уламжилан ирсэн өгөөмөр зангаа дэлхийд таниулсан нэгэн үйл явдал боллоо.