МАК компани газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд 60 тэрбум төгрөг зарцуулжээ

МАК компани газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд 60 тэрбум төгрөг зарцуулжээ

“Монголын Алт” (МАК) ХХК газрын тосны хайгуул, олборлолт болон ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд зориулан нийт 17.2 сая ам.доллар буюу 60.4 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Уг санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай 2012 онд байгуулсан “Төхөм-X” урд талбайн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд зарцуулж байгаа бөгөөд нийт үнийн дүнгийн 18 хувь буюу 11 тэрбум төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагааг дэмжих, сургалт, судалгааны ажилд нь урамшуулал хэлбэрээр олгосон байна.

Харин үлдсэн хэсгийг хайгуулын үйл ажиллагаанд, мөн орон нутгийн хөгжил, нийгмийн хариуцлагад зориулан зарцуулжээ. Тухайлбал, орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд Дундговь аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханхонгор, Мандал-Овоо зэрэг 3 аймгийн 8 сумын хөгжилд зориулан 405 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.   

Тус компани нь “Төхөм-X” урд талбайд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг 100 хувь өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар геологийн суурь судалгаа, соронзон зураглал, хүндийн хүчний судалгаа, хэтийн төлөв бүхий хотгоруудад хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа болон газрын тосны цооног өрөмдлөгийн ажлыг тус тус гүйцэтгэж байгаа ажээ.

Эх сурвалж: Mining.mn