"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.11.06/ товлогдоод байсан. Тодруулбал, тус хэргийг шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хурал хойшлуулснаар өнөөдөр товлоод байсан юм.
Гэвч дахин өмгөөлөгчдийн зүгээс "Шүүх хурал давхацсан", "Хэргийн материалтай танилцах шаардлагатай" гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, энэхүү хэргийн шүүх хурлыг ирэх сарын 04-н /2024.12.05/ хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн прокурорын газраас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.