Ж.Дэлгэрсайхан: Цахилгааны үнэ нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч, зах зээлд нөлөөлөөд эхэлсэн

Ж.Дэлгэрсайхан: Цахилгааны үнэ нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч, зах зээлд нөлөөлөөд эхэлсэн

Ирэх сарын 1-нээс цахилгааны үнийг нэмнэ. Хэдэн хувь нэмэгдүүлэх талаар тооцоо судалгаа хийж байна гэж Шадар сайд Т.Доржханд мэдэгдсэн. Улмаар Засгийн газрын өнөөдрийн /2024.10.28/ хуралдааны хамгийн эхэнд эрчим хүчний реформыг хэлэлцэж байгаа билээ.

Тэгвэл цахилгааны үнийг нэмэх нь эдийн засагт ямар эрсдэл учруулж болох талаар Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас бид тодрууллаа. Тэрбээр “Цахилгааны үнэ нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч, зах зээлд аль хэдийнэ нөлөөлж эхэлсэн. Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж буй учир цахилгааны үнийг бага зэрэг нэмж болно. Гэхдээ үүнтэй зэрэгцээд энэ салбарын тогтолцоог, үр ашгийн менежментийг сайжруулах хэрэгтэй. Мөн иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрны тоог нэмэгдүүлмээр байна. Дээрх хоёр арга хэмжээг авахгүй бол цахилгааны үнийг нэмээд ямар ч үр дүнгүй” гэлээ.

-ТӨР ЗАСАГ АЛДАГДАЛТАЙ БАЙСАН Ч ЭРЧИМ ХҮЧНИЙХЭЭ ҮНИЙГ БОДЛОГООР БАРИХ ЁСТОЙ-

Харин бусад улс орнууд алдагдалтай ажилласан ч эрчим хүчнийхээ үнийг бодлогоор барьдаг. Учир нь цахилгаан, шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ түүнийг дагаж нэмэгдэх нь зах зээлийн хууль. Иймээс төр засаг алдагдалтай байсан ч цахилгаан, шатахууны үнийг тэнцвэртэй байлгах үүрэгтэй. Тухайлбал, 2012-2014 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа шатахуун дээр үнэ тогтворжуулах гэрээ хийж байсан удаатай. Гэтэл өнөөгийн эрх баригчид эрчим хүчний салбарыг либералчлах нэрээр  хувийн хэвшилд өгч, цахилгааны үнийг нэмж, иргэдэд эдийн засгийн дарамт учруулахаар зэхэж сууна.  

Бидний даган дуурайх дуртай барууны орнууд цахилгааны үнээ 100 хувь либералчлаагүй. Жишээлбэл, АНУ, Канад нь цахилгааны үнийг муж улсын хэмжээнд зохицуулдаг бөгөөд муж бүр өөрийн дүрэм, үнийн бүтцийг тогтоодог байна. Харин Герман улсад эрчим хүчний салбарыг либералчилсан боловч Засгийн газар үнэ тогтоох ялангуяа өрхийн хэрэглэгчид болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй холбоотой зохицуулалтын эрх мэдлийг хадгалсаар байна. Харин Франц улсад Засгийн газар орон сууцны цахилгааны үнийг зохицуулж, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих зорилгоор тариф тогтоосон байдаг бол Англид Офгем нь /Хий, цахилгаан эрчим хүчний зах зээлийн алба/ тодорхой хэрэглэгчдийн үнийг зохицуулж, шударга үнэ тогтоохын тулд зах зээлд хяналт тавьдаг ажээ. Тэгвэл Энэтхэг улсад цахилгааны үнийг Цахилгаан эрчим хүчний зохицуулах хорооноос зохицуулдаг бөгөөд тэдгээр нь тарифыг тогтоож, хэрэглэгчдэд шударга үнэ тогтоож өгдөг аж.

Б.Наранчимэг