Кувейт, Иордан, Катар зэрэг булангийн орны дэлгүүрүүдээр монгол хонины махыг худалдаалж эхэллээ

Кувейт, Иордан, Катар зэрэг булангийн орны дэлгүүрүүдээр монгол хонины махыг худалдаалж эхэллээ

Кувейт, Иордан, Катар зэрэг булангийн орнуудын томоохон сүлжээ дэлгүүрүүдээр монгол хонины махыг худалдаалж эхэллээ.

Энэ талаар Монгол улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тодруулбал, манай улс Булангийн орнууд, тэр дундаа Кувейт, Иордан, Катар улсуудтай худалдааны чиглэлд 2022 оноос хойш идэвхтэй хамтарч ажилласны дүнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдсэний үр дүн энэ аж. Монголын талаас цаашид долоо хоногт 30-100 тонн хонины сэврээсэн мах тогтмол экспортлохоор төлөвлөсөн бөгөөд импортлогч тал мөн үхэр, тэмээны мах болон дайвар бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Түүнчлэн махаа онгоцоор тээвэрлээд буцахдаа Булангийн орнуудаас жимс, жимсгэнэ тээвэрлэх боломжтой бөгөөд экспортлогч, импортлогч талууд харилцан тохиролцсон тохиолдолд Кувейт улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжтой гэнэ. Манай улс Булангийн орнуудад малын мах экспортлохын тулд өнгөрөгч тавдугаар сард халал бүтээгдэхүүний гэрчилгээ авсан юм. Булангийн орнууд махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Кувейт улсын махны хэрэглээний зардал 2026 он гэхэд одоо байгаа 2.1 тэрбум ам.доллароос 2.4 тэрбум болтлоо өсөх төлөвтэй байна.