ТОМИЛОЛТ: Ерөнхийлөгчийн Туркменистанд хийсэн айлчлалаар Монгол Улс далайн тээвэр хийхээр болж, БНХАУ руу байгалийн хий зөөдөг замаар газ экспортлох боломжийг нээлээ

ТОМИЛОЛТ: Ерөнхийлөгчийн Туркменистанд хийсэн айлчлалаар Монгол Улс далайн тээвэр хийхээр болж, БНХАУ руу байгалийн хий зөөдөг замаар газ экспортлох боломжийг нээлээ

Монгол Улсын Төв Ази руу чиглэсэн идэвхтэй гадаад бодлогын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи анхны түүхэн айлчлал үр дүнтэй болсны хажуугаар нүдээр хараад ирсэн сэтгүүлч миний хувьд олон эргэлзээ төрснийг нуух юун.

-ТУРКМЕНИСТАН ГЭХ ХААЛТТАЙ ОРОНД АЙЛЧИЛСАН АРДЧИЛСАН УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ-

Юун түрүүнд дэлхий нийтэд хаалттай байсаар ирсэн Туркменистан Улсад очсон хэн бүхний хувьд шинэ ертөнц байлаа. Учир нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын төрийн тэргүүний түвшинд хийгдэж буй анхны айлчлал бөгөөд тус улс нь бүх улсын иргэдэд визтэй байдаг ба одоогийн байдлаар тус улсад амьдардаг гэх нэг ч монгол иргэний талаарх мэдээлэл байхгүй байна. Биднийг угтаж авсан нийслэл Ашхабат хот нь нийт 543 цагаан гантиган барилгатай бөгөөд үүгээрээ ГЕННИС-ийн номонд “”цагаан гантиг хот”-оор бүртгэгдсэн. Нэг сонирхолтой санагдсан зүйл нь автомашинууд нь хүртэл цагаан байх аж.

Тэднийг хар машин унахыг хуулиар хориглодог байсныг саяханаас хүчингүй болгосон гэнэ. Мөн эмэгтэйчүүд урт үндэсний хувцсаа өмсөж, толгойндоо эрээн өнгийн алчуур зүүнэ.

Гэвч тэдний аж амьдралтай танилцах боломж төдийлөн хомс байлаа. Учир нь тэд бол хаалттай орны хаалттай иргэд. Олон улсын хэмжээний хурал, цуглаан анх удаа зохион байгуулж байгаа тул иргэддээ тодорхой хэмжээний хорио тогтоосон талаар бидэнд мэдээлсэн юм. Ардчилсан улсын иргэдэд энэ нь нэг талаар сонин санагдах ч нөгөө талаар ямар нэгэн зүйл нуух гэсэн мэт. Хотынхоо сайн сайхныг л бидэнд харуулах гэсэн мэт. Түүнчлэн тэднийг байгалийн хий, газны эх орон гэж хэлж болох юм. Иргэддээ тог цахилгаан, ус, газыг үнэ төлбөргүй нийлүүдэг. Харин цаашдаа байгалийн хий нийлүүлэх ажилд Монголтой хамтран ажиллах, БНХАУ руу газ экспортолдог замаар Монгол руу газ тээвэрлэх боломжтой талаар айлчлалын үеэр санал солилцсон нь тун авууштай.

-ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭРГҮҮТЭЙ НАЙМАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦСОН ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЛОО-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркменистанд айлчлал хийх үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй найман улсын төрийн тэргүүн болон олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, тус улсын алдарт яруу найрагч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” форум болсон юм. Тодруулбал, Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Ирак, Турк гэсэн улс орнууд тус форумд оролцсон.

Энэ уулзалт хэдий нэг улсын яруу найрагчийн ойн баяр мэт харагдах боловч геополикийн асуудал ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Учир нь уг форумд оролцсон Армени, Гүрж, Тажикстан болон Узбекстан зэрэг нь ЗХУ-ын хяналтнаас тусгаар улс болсон бөгөөд геополитикийн хурцадмал энэ үед төвийг сахисан Монгол Улсын төрийн тэргүүн тэр дунд байх нь зохимжгүй. Мөн Туркменистан Улс манай улсад Каспийн тэнгисийн боомтоо ашиглуулахаар тохиролцсон нь стан-ын орнуудтай далайн тээврээр холбоо тогтоох болон ОХУ-ын барьсан, мэдэлд нь байдаг Каспи-Хар тэнгисийг холбосон “Волга-Дон” сувгаар далайд гарахыг санал болгосон талаар бид өмнөх бичвэрээрээ хүргэсэн билээ. Өмнөх бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

-"ТУРКМЕНИСТАНЫ ОЙЖУУЛАЛТ", "ТЭРБУМ МОД" ХӨТӨЛБӨРИЙГ УЯЛДУУЛНА-

Хөдөө аж ахуйн салбар, Гадаад харилцааны яам, Соёл урлаг зэрэг олон салбарт хамтран ажиллаж, ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор тохиролцов. Мөн Монголын талаас 40 орчим бизнес эрхлэгчид болон Туркменистаны 43 бизнес эрхлэгчдийн оролцсон "Бизнес форум"-ыг зохион байгуулсан нь хоёр улс иргэд хамтран бизнес эрхлэх боломжийг нээлээ. 

Сонирхуулахад, Туркменистан Улсын байгаль нь цөлөрхөг, халуун уур амьсгалтай боловч хаа сайгүй мод тарьж, хотдоо ногоон болон цагаан өнгийг хослуулан зөөлөн, дулаан уур амьсгалыг бүрдүүлжээ. Тэгвэл тус улс “Туркменистан ойжуулалт" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 145 сая гаруй мод тарьсан бөгөөд манай “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдуулж, хамтран ажиллахаар тохиролцсон нь сайшаалтай.

Мөн нэг онцлууштай зүйл нь Туркменистан Монголын Засгийн газрын хамтарсан комисс гээчийг ойрын хугацаанд байгуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэнэ.

Ийнхүү Ерөнхийлөгч олон гэрээ, хэлэлцээ хийж, цаашдын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах эхлэлийг тавиад ирлээ. Сэтгүүлч миний хувьд нэгэн шинэ ертөнцийг таниад ирэв. Мөн Монгол Улсын гадаад айлчлалууд өмнө нь зээл тусламж гуйх гол агуулгатай байдаг байсан бол өдгөө харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудалд чиглэн ажиллах болсон нь манйа улсын нэр хүндийг нэмэгдүүлсээр байна.