Герман улс Украйнд үргэлжлүүлэн туслахаа мэдэгдлээ

Герман улс Украйнд үргэлжлүүлэн туслахаа мэдэгдлээ

Германы Канцлер Олаф Шольц Украинд энэ оныг дуустал 1.4 тэрбум еврогийн (1.53 тэрбум ам.доллар) цэргийн тусламж үзүүлнэ гэж баасан гарагт мэдэгдсэн аж.

Тодруулбал тусламжийг Бельги, Дани, Норвеги гэсэн түнш орнуудтай хамтран үзүүлэх бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт хэрэгсэл, танк, байлдааны нисгэгчгүй онгоц, их буу зэргийг багтаах ажээ. "Энэ бол цаг хугацаагаар тоглох нь үр дүнд хүрэхгүй гэдгийг Путинд сануулж буй тод дохио юм. Бид Украинд үзүүлэх дэмжлэгээ сулруулахгүй" гэж О.Шольц хэлсэн юм. Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ долоо хоногт Европ дахь холбоотнуудтайгаа уулзаж, "ялалтын төлөвлөгөөгөө" танилцуулж байгаа юм. "Ирэх жил тусламжийн хэмжээ багасахгүй байх нь бидний хувьд маш чухал" гэж В.Зеленский О.Шольцтой Берлинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Мөн Хоёр удирдагч энэ онд дөрөв дэх удаагаа уулзаж байгаа бөгөөд В.Зеленский баасан гаргийн уулзалтыг дайн эхэлснээс хойших хамгийн чухал уулзалтуудын нэг боллоо гэж мэдэгджээ. Дашрамд Герман бол Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн хэмжээгээр АНУ-ын дараа хоёрдугаарт ордог улс юм.