Монгол иргэдийн ажил эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаар санал солилцлоо

Монгол иргэдийн ажил эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүнтэй есдүгээр сарын 7-нд уулзаж, БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн ажиллах орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр монгол иргэдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ ажлын байр солиход тавьдаг бүсчлэлийн хязгаарлалтыг цуцлах асуудлыг хөнджээ. Мөн хөдөлмөр эрхлэх зорилгоор БНСУ-д зорчиж буй иргэдийн гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг Монголын тал онцолсон байна.

Харин БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийг аюулгүй орчинд ажиллуулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, ажлын байрны ялгаварлан гадуурхалтаас хамгаалах асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр БНСУ-д ажиллаж буй монгол иргэд нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд төдийгүй Монгол, БНСУ-ын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чухал тулгуур хүчин зүйл болно гэдгийг онцолсон байна.

Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Б.Саран, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Идэр нар оролцжээ.