Цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Ёс зүйн дэд хороонд ханджээ

Цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Ёс зүйн дэд хороонд ханджээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Үндсэн хуульд заасан иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж, цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женисгүл Монгол Улсын иргэний хувиар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргажээ.

Тэрбээр өргөдөлдөө “Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн газрын дарга. Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай.

Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй” гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм.

Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын түвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна” гэжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа хэмээн үзэж, үүнийг таслан зогсоож, дараах арга хэмжээг авахыг шаардсан байна.

Үүнд:

  1. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах;
  2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах;
  3. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зохих дүгнэлт гаргах.

К.Женисгүл өргөдлийнхөө төгсгөлд хууль ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн, шаардлагыг нь хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.