Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил нэг сар, түүнд хахууль өгсөн Т.Баатарсүрэнд 2 жил хорих ял оноожээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил нэг сар, түүнд хахууль өгсөн Т.Баатарсүрэнд 2 жил хорих ял оноожээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох “Хахууль авсан” гэх хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийг нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа хахууль өгөгч “Бако констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгийн гэрээ байгуулах, санхүүжилт авах, барилгыг ашиглалтад оруулах ашиг сонирхлын үүднээс Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн хооронд санхүүжилт олгож албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Т.Баатарсүрэнгээс 10.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “улс төрд нөлөө бүхий этгээд” үйлдсэн гэмт хэрэгт, “Бако констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүхээс: Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч А.Ишдорж, тус аймгийн нутаг дэвсгэрт гэрээний үндсэн дээр барилгын ажил гүйцэтгэж байсан “Бако констракшн” ХХК-ийн захирал шүүгдэгч Т.Баатарсүрэн нар нь “дээрх ажил дүгнэгдэж дуусаагүй, чанар, стандартын шаардлагад нийцсэн барилга хүлээж авах улсын комисс ажиллаж эхлээгүй байхад ашиг сонирхлын зөрчил үүсгэж шүүгдэгч Т.Баатарсүрэнгийн ажил гүйцэтгэсэн хөлсөө цаг хугацаанд нь бүрэн авах гэсэн ашиг сонирхлын үүднээс шүүгдэгч А.Ишдоржийн хамаарал бүхий түүний эхнэрийн дүү Р.Отгонбаатарын данс руу “материалын үнэ” гэх утгаар 10.000.000 төгрөг шилжүүлснийг /шүүгдэгч нар өөрсдөө зээлсэн гэх/ хүлээн авч захиран зарцуулсан үйлдлийг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “улс төрд нөлөө бүхий этгээд” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Баатарсүрэнг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор А.Ишдоржийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг “улс төрд нөлөө бүхий этгээд, …үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12-20 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд “улс төрд нөлөө бүхий этгээд гэж …аймаг, нийслэлийн Засаг даргыг ойлгох талаар” хууль тогтоогчоос тайлбарласан ба шүүгдэгч А.Ишдорж нь улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субъект байх тул түүнийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуульд заасны дагуу нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12 жил 01 сар хорих ял оногдуулсан.

Мөн шүүгдэгч Т.Баатарсүрэнг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч А.Ишдоржид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10.000.000 төгрөгийг зохих журмын дагуу шүүгдэгч А.Ишдоржоос гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.