Төрийн ордонд “Эпштейний сонсгол” нэртэй хошин шог тоглоход сарын хугацаа үлдлээ

Төрийн ордонд “Эпштейний сонсгол” нэртэй хошин шог тоглоход сарын хугацаа үлдлээ

Ирэх сард манай улсад “элэг авмаар” инээдэмтэй нэгэн үйл явдал болох гэж байна.

Тэр юу вэ гэвэл, Монгол Улс дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах ёстой гэдэг ч бид энэ удаа арай л буруу хөлөө дэлхийтэй нийлүүлээд байх шиг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өөрийн санаачилсан “Эпштейний сонсгол” - оо ирэх аравдугаар сарын 7-нд хийхээр болжээ.

Сүүлийн 10 гаруй жил төрийн эрхийг барьсан МАН-ынхан, тэр дундаа “МАН-ын 30-ын бүлэг” -ийн гишүүн гэгддэг Б.Баярбаатар, П.Сайнзориг, О.Батнайрамдал нарын гишүүд энэ “хошин шог”-ийг найруулж, гол дүрд нь ч мөн өөрсдөө тоглох юм байна. 

Ухаандаа, МАН засгийн эрхэнд гарснаас хойш төрсөн хүүхэд өнөөдөр 10 нас хүрч, тавдугаар ангид орж байна. Хүний амьдралд ч, улсын хөгжилд ч 10 жил гэдэг бага хугацаа биш. Гэтэл энэ хугацаанд төрийн эрхийг барьсан хүмүүсийн тайлбараар Монгол Улс өнөөдөр “ядуурч” байгаа шалтгаан нь 10 жилийн өмнө эрх мэдлээ хүлээлгэн өгсөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж таарсан бөгөөд, одоо болох гэж буй сонсгол ч түүн рүү чиглэх аж.  

Тодруулбал,  УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын өмнөх яриануудаас ажиглахад тэрбээр Эпштейнтэй нэр холбогдсон бүх хүн, бүх харилцаа, бүх баримтад бус, зөвхөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг л "анхаараад" байгаа аж. Тухайлбал, Б.Баярбаатар өмнө нь Ц.Элбэгдоржтой холбоотойгоор “Би удахгүй монгол охин аваачиж өгнө гэсэн и-мэйл байсан” гэх агуулгатай зүйл ярьж байсан юм. Харин өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 8-нд УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн өдөр тэрбээр хэвлэлд хээв нэг ярихдаа “Эпштейний асуудлаарх сонсгол аравдугаар сарын 7-нд болно. Сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ч.Сайханбилэг нар оролцож болно. Гэхдээ түр хорооны сонсгол биш учир гэрчээр дуудахгүй. АНУ-ын Хууль зүйн яам руу бичиг явуулсан. Энэ сонсгол зөвхөн иргэдэд мэдээлэл өгөх зорилготой” хэмээжээ.