Нобелийн утга зохиолын шагналын эзнээр Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган  тодорчээ

Нобелийн утга зохиолын шагналын эзнээр Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган тодорчээ

Энэ удаагийн  утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртэхээр болсныг Шведийн академийн Нобелийн хороо мэдэгдсэн аж.

Тодруулбал, Стокхолм дахь тус академийн мэдэгдсэнээр “хүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан, машид хүчтэй яруу найраг адил хүүрнэл зохиол туурвисных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг Хан Ганд олгохоор шийдвэрлэсэн байна. Хан Ган бүтээлээ туурвихдаа сэтгэл зүйн түүхэн учир шалтгаантай цочрол, шархтай нүүр тулж, хүний ​​амьдралын эмзэг байдлыг бүтээл бүрдээ дэлгэн харуулсан байдаг.

Тэрбээр бие ба сэтгэл, амьд ба үхэгсэд хоорондын холбооны талаар бусдаас гойд ойлголттой бөгөөд яруу тод, өөрийгөө сорьсон бичлэгийн хэв маягаараа орчин үеийн хүүрнэл зохиолд шинийг санаачлагч болсон гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ. Дашрамд Хан Ган 1970 оны 11 дүгээр сарын 27-нд төржээ. Тэрбээр 2016 онд "Цагаан хоолтон" романаараа Букерийн шагналыг хүртсэн юм. Харин өнгөрсөн оны Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч Жон Олаф Фоссэ “үгээр илэрхийлж болшгүй зүйлсийг тусгасан шинэлэг жүжиг, зохиол туурвисныхаа төлөө” хүртэж байжээ.