"Батерейны лити"-г олборлохоор “Монлаа” компанийг худалдаж авсан БНСУ-ын Geumyang компани олборлох эрхийг нь хязгаарласны улмаас дампуурах эрсдэлд орсноо зарлажээ

"Батерейны лити"-г олборлохоор “Монлаа” компанийг худалдаж авсан БНСУ-ын Geumyang компани олборлох эрхийг нь хязгаарласны улмаас дампуурах эрсдэлд орсноо зарлажээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулж буй “Mining Week (Уул уурхайн долоо хоног) & MinePro 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

-“MINING WEEK” БУЮУ УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГТ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАР БАРАГ ИРЭЭГҮЙ БАЙНА-

Гэтэл “mining week” арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид бараг ирэхгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат өчигдрийн чуулганы хуралдааны үеэр хэлэв. Энэ нь ч үнэн. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайд хөрөнгө оруулагч магнатуудыг цуглуулдаг “Mining week” арга хэмжээнд энэ жил гаднын хөрөнгө оруулагчид бараг ирээгүй юм.

Харин үүнийг хоёр шалтгаантай гэж мэргэжлийнхэн дүгнэж байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд "хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр нэмж олгохгүй" гэж шийдвэр гарсан. Мөн хөрөнгө оруулж болох хайгуул болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ордуудын ихэнхийг манай дарга нар авчихсан.

Дарга нар тус орддоо гаднын хөрөнгө оруулагчдыг оруулахаар ажиллаж байгаа ч хулхидуулах эрсдэлтэй, манай улсын хууль эрх зүйн орчин сул зэргээс болж хөрөнгөө оруулахдаа эргэлзэж, итгэл муутай байгаагаас үүдэн энэ салбарын хөрөнгө оруулалтыг асар ихээр сулруулж байгаа юм. Үүний нэг тод жишээ яг одоо БНСУ-д болж байна. Тодруулбал, Тус улсын хөрөнгө оруулагч “Geumyang” компани Монголын уул уурхайн компанид хөрөнгө оруулсан ч олборлолт муу байгаагаас шалтгаалан дампуурал зарлах эрсдэлд оржээ.

-БНСУ-ЫН “GEUMYANG” КОМПАНИ МОНГОЛЫН “МОНЛАА” ХХК-Г ХУДАЛДАЖ АВСАН Ч ЭНЭ ЖИЛИЙН БОРЛУУЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨС 98 ХУВИАР БУУРСНЫ УЛМААС ДАМПУУРЛЫН ЭРМЭГТ ИРЖЭЭ-

Учир нь тус компанийн хувьд өнгөрсөн жил “Монлаа” ХХК-г худалдаж авсан ч Монголын талтай ойлголтын зөрүү үүсэж борлуулалт 98 хувь буурсны улмаас хувьцааны үнэ нь буурч, дампуурлаа зарлах эрсдэлтэй байгаа талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, Солонгосын биржийн мэдээлснээр, Өнгөрсөн жил “Geumyang” компани Монголын уул уурхайн “Монлаа” компанийг (MONLAA LCC) худалдан авч, батерейны гол түүхий эд болох литиг олборлох зорилготой байжээ.

"Geumyang" компани өмнө нь 2022 онд литийн ашигт малтмалын нөөцийг баталгаажуулахын тулд Хонг Конгийн уурхайнуудад хөрөнгө оруулалт хийж байсан боловч хайгуулын шатнаас эхлэн олборлолт хийх хүртэл багагүй хугацаа шаардагдах байсан тул нэмэлт уурхайг баталгаажуулахын тулд Монгол уул уурхайн компанид хөрөнгө оруулалт хийсэн нь “Монлаа” ХХК юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард Монголд уул уурхайн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтаар Geumyang:

  • 2024 онд 424.4 тэрбум вон борлуулалт хийж, 160.9 тэрбум воны үйл ажиллагааны ашигтай ажиллах,
  • 2025 онд 468 тэрбум вон борлуулалт хийж, 187.2 тэрбум воны үйл ажиллагааны ашигтай ажиллах,
  • 2026 он гэхэд 468 тэрбум воны борлуулалт хийж, 187,2 тэрбум воны үйл ажиллагааны ашиг хүртэнэ гэж зарласан.

Гэвч энэ зорилтыг 2 хувьтай биелүүлж,

  • 2024 оны борлуулалт 6.58 тэрбум воны борлуулат, үйл ажиллагааны ашиг 1.316 тэрбум вон,
  • 2025 оны борлуулалт 40.8 тэрбум воны борлуулалт, үйл ажиллагааны ашиг 8.16 тэрбум вон,
  • 2026 оны борлуулалт 40.8 тэрбум воны борлуулалт, 8.16 тэрбум воны үйл ажиллагааны ашигтай ажиллах болж өөрчлөгдөв. Энэ нь жилийн хүлээгдэж буй борлуулалт 98%-аар буурсан үзүүлэлт аж.

Энэ талаар “Geumyang” компанийн мэдээлснээр, “Төслийг Монголын талтай хэрхэн яаж үргэлжлүүлэх талаарх ойлголтын зөрүү, соёлын ялгаа, харилцаа холбооны асуудлаас үүдэн төлөвлөгөөнд ихээхэн саатал гарсан. Бид Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн олборлох эрхийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна" гэжээ. Гэсэн хэдий ч боловсруулах зөвшөөрөл хараахан аваагүй байгаа тул лититэй холбоотой борлуулалт хийхэд нэлээд хугацаа шаардагдах аж. Иймд тус хөрөнгө оруулалтын компанийн хувьцааны үнэ унаж, дампуурал зарлах эрсдэл үүсээд байгаа юм. 

Үүнийг дүгнэхэд манай улсын уул уурхайн үйл ажиллагааны зөвшөөрөл, борлуулалт хийх хязгаар зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид ашиггүй ажиллаж, цаашлаад дампуурал зарлах эрсдэлд орж байна. Энэ мэт гаднын хөрөнгө оруулагч нар монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхээс зугтацгааж байгаа нь "Mining week" арга хэмжээнээс харагдаж байгаа юм. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө