БАРИМТ: Аудитаас "Эрдэнэс Тавантолгой" ХК зэрэг ТӨХК-иудын ТУЗ-ийн гишүүдийг ЧАДАМЖГҮЙ, компанийн засаглалыг сайжруулахад ОРОЛЦООГҮЙ, УР ЧАДВАРГҮЙ гэж дүгнэжээ

БАРИМТ: Аудитаас "Эрдэнэс Тавантолгой" ХК зэрэг ТӨХК-иудын ТУЗ-ийн гишүүдийг ЧАДАМЖГҮЙ, компанийн засаглалыг сайжруулахад ОРОЛЦООГҮЙ, УР ЧАДВАРГҮЙ гэж дүгнэжээ

“Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан”-д хийсэн аудитын дүгнэлтээс харвал Төрийн өмчит 137 компанийн 75 нь 5.2 тэрбум төгрөгийн ашигтай, 62  нь 508.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Төрийн өмчит компаниуд нь татвар төлөгчдийн хөрөнгийг зарлагаддаг ч үр ашиггүй ажилладгийг нотлох баримт бол энэ юм.

-АУДИТ: ТӨРИЙН ӨМЧИТ 62 КОМПАНИ 508 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАХАД ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙНХ НЬ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР СУЛ, ТӨР ТӨЛӨӨЛӨХ ЧАДАМЖГҮЙ БАЙДАЛ НЬ НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Хэрвээ дээрх 62 компани  хувийн өмчийнх байсан бол өдийд ашигтай, үр дүнтэй ажилласан байх бөгөөд компанийн менежментээ илүү хөгжүүлж сайжруулах, үйл ажиллагаагаа өргөтгөх, улсын төсөвт төвлөрүүлдэг татвараа нэмэгдүүлэх хувилбарыг олон нийтэд танилцуулж байх байлаа. Харин Монголд төрийн нэртэй компани, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудыг ихэнхдээ улс төрийн томилгоогоор томилдог  эргээд хариуцлага тооцож, үр дүнг дүгнэдэггүй, санхүүгийн хяналт сул тавьдаг учраас нөгөө хэд нь идэвхгүй цаашлаад зөрчил гарган авлига, хүнд суртлын гэмт хэрэгт холбогдоод дуусдаг нь нэгэнт тогтсон жишиг болсон.  Тод бишээ нь Хөгжлийн Банкны зээл олголттой холбоотой асуудал бөгөөд зээл олгох зүй ёсны шалгуур нь улс төр, танил тал зэргийн дарамтад бүдгэрсэн нь өнгөрсөн хугацаанд ил болсон. Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 30 хувь нь төрийн өмчит аж ахуйн нэгжид ногдсон байв. Тэгвэл төрийн өмчит компаниуд яагаад ашигтай ажиллаж чадахгүй байгаа талаар аудит доорх дүгнэлтийг гаргасан байна.

  • Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй хөрөнгө оруулалтын шинж чанартай арга хэмжээг ТӨХЭ-үүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлсэн
  • 25 төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гарган биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтэд хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахыг Засгийн газарт үүрэг болгосон ч хэрэгжилт хангалтгүй
  • Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мэргэжлийн ур чадвар, төрийн төлөөлөх чадамж сул, компанийн засаглалыг сайжруулахад оролцоо хангалтгүй байна.

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЬ ӨЧНӨӨН ИХ НАЯДЫГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ,  АЖИЛЧДЫН ЦАЛИН БУУРЧ, УУРХАЙД ОЛОН ХҮН ХООЛНЫ ХОРДЛОГООР ӨВДӨХӨД ТУЗ-ИЙН ГИШҮҮД БОЛОН УДИРДЛАГУУД НЬ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВСАН БЭ-

Аудитын дүгнэснээр төрийн өмчит компаниудын удирдлагаас гадна Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь бэлэг тэмдэг төдий хангалтгүй ажиллаж байна. Тэгэхээр төрийн өмчит компанид өндөр цалин аваад сул сууж байдаг нөхдийг сонгохдоо ядаж ур чадвар, чадамжтай нэгнийг сонгох цаашлаад идэвхтэй үр дүнтэй ажиллуулах зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна.

Уг жишээн дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-н Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүд л гэхэд 10 хүртэлх сая төгрөгийн цалин авдаг атлаа нүдгүй, чихгүй мэт ажилладаг. Өнгөрсөн зун тус компанийн уурхайд хоолны хордлогоор 70 хүн өвдөн 50 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэхэд мөн одоо ажилчид нь хуулиар олгогддог уурхайн шөнийн нэмэгдлээ авч чадахгүй байхад, энэ компанийн засаглалын менежмент өдрөөс өдөрт суларч байж болзошгүй байхад Төлөөлөн Удирдах зөвлөлөөс асуудлыг сайжруулах дахин алдаа гаргахгүй байх чиглэлд юу ч ярьсангүй, ХАРИУЦЛАГЫН талаар дурдсангүй.

Дээрх үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Цааш нь хүргэхэд,

  • 2019 онд “...IPO гаргана” гээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулж 48.1 тэрбум төгрөгийг үргүй зарахад,
  • “Экологийн бүтээмж” ХХК-тай 2,394.0 сая төгрөгийн дүнтэй байгуулж, 2,175.8 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн боловч гэрээ болон ажлын даалгаварт заасны дагуу гүйцэтгээгүй байхад,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой түлш” ХХК-д өгсөн 1.1 их наяд төгрөгийн зарцуулалт гэмт хэргийн шинжтэй хэргийг прокуорт шилжүүлэх хүртэл,
  • ОБЕГ-тай гэрээ байгуулан 5 тэрбум төгрөгийг өгөөд салхид хийсгэхэд,
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш боловч Багануур ХК, Шивээ-Овоо ХК, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Тавантолгой түлш ХХК, Монголын төмөр зам ТӨХК-уудад урт хугацаатай зээл олгож жилийн эцсийн байдлаар 2.778.6 тэрбумын авлага үүсгэж байхад,
  • 2022 онд Олборлолтын техник худалдан авах чиглэлээр 1,266.6 тэрбум төгрөгийн өртөгтэй найман багц ажлыг 88.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж, худалдан авах ажиллагааны үр дүнгээр 1,170.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 гэрээ байгуулаад үр дүнгүй болгоход Төлөөлөн Удирдах зөвлөлөөс ямар арга хэмжээ авсан бэ. Ийм алдаа гаргахгүйн тулд яаж ажилласан бэ

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА У.БЯМБАСҮРЭН НЬ СУЛ АЖИЛЛАЖ БУЙ ТАЛААР ТУС КОМПАНИЙН АЖИЛЧИД ХЭЛЖ БАЙНА-

Энэ бол Төрийн өмчит компаниудыг сайжруулах ёстой ганц жишээ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирлах зөвлөлд доорх хүмүүс ажилладаг байна. Харин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал ажиллаж байгаа юм. 

Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүн бол бусад нь голдуу банканд ажиллаж ирсэн түүхтэй аж. У.Бямбасүрэнг маш сул ажилладаг гэх шүүмжлэл тус компанийн ажилчдын дунд байдаг. Энэ мэт Төлөөлөх удирдах зөвлөлийн чадамжийг нэмэгдүүлэх ажлыг энэ компаниас эхлүүлэх шаардлага харагдаж байна.  Тийм ч учраас Аудитын ерөнхий газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд доорх зөвлөмжийг хүргүүлжээ. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байна. 

ВИДЕО: