50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ

50 мВт хүчин чадалтай Батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн нар Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ирэх сард ашиглалтад орно. Өнөөдөр “Энвижн Энержи” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар 50 мВт хүчин чадалтай Батарей  хуримтлуурын станц барих ажил эхэлж байна. Батарей  хуримтлуурын станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүтийн эхний блок болон Батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадна” гэлээ.

Батарей  хуримтлуурын станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм. Тус батарей хуримтлуурын станц нь 50 мВт-хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбоно.

Батарей хураагуурын станц нь төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачаалал хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, системийг сэргээх зэрэг холбогдолтой юм.