НИТХ-ын сонгуульд Д.Сумъяабазарын 17, Х.Нямбаатарын 15 хүн нэр дэвшиж буй бол С.Амарсайханы долоо, Н.Учрал, Г.Занданшатарын нарын нэг хүн МАН-аас нэр дэвшжээ

НИТХ-ын сонгуульд Д.Сумъяабазарын 17, Х.Нямбаатарын 15 хүн нэр дэвшиж буй бол С.Амарсайханы долоо, Н.Учрал, Г.Занданшатарын нарын нэг хүн МАН-аас нэр дэвшжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 2-ноор дуусгавар болж, энэ өдөр намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ удаагийн нийслэлийн сонгуульд МАН-ыг Хотын дарга, нийслэлийн намын дарга Х.Нямбаатар, АН-ыг "Женкогийн хүн", нийслэлийн намын дарга Т.Батцогт, ХҮН намыг Э.Золзаяа, Үндэсний эвслийг МАН-аас гарч тус эвсэлд элссэн П.Баярхүү удирдаж орно. 

-2018 ОНООС ХОЙШ НИЙСЛЭЛИЙН НАМЫГ УДИРДСАН Д.СУМЪЯАБАЗАР МАН-ЫН НЭР ДЭВШҮҮЛЭЛТЭД ЖИН ДАРЖ ОРОЛЦОВ-

Тэгвэл тус сонгуульд гол өрсөлдөөнийг үзүүлэх МАН, АН-аас ямар намтар түүхтэй хүмүүсийг нэр дэвшүүлсэн тухай хоёр дахь цуврал мэдээллийг хүргэж байна. Өмнө нь бид нийслэлийн АН-аас голчлон Женкогийн хүмүүс бүр тодруулбал 30 хүнийг нь нэр дэвшүүлж буй талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа МАН-аас аль дарга нь хэдэн хүнээ дэвшүүлсэн, энэ ажилд хэн жин дарж оролцсон тухай мэдээллийг хүргэж байна. Өмнөх мэдээллийг ЭНД дарж унших.

Нийслэлийн МАН бол Монгол Ардын Намын 50 хувь нь. Тиймээс үеийн үед энд том зодоон болж ялсан нь эрх мэдлийг атгадаг. Сануулахад, сүүлийн жилүүдэд хөшигний наана, цаана үзэлцсэний эцэст өнгөрсөн хавар Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргаа ажлаа Хотын дарга Х.Нямбаатарт өгсөн.

Тэгвэл нийслэлийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг сонгох шийдвэрийг гаргахад дээрх хоёр хүний хэн, хэн нь өндөр байр суурьтай оролцжээ. Тухайлбал, нийслэлд нэр дэвших 45 нэр дэвшигчийн 15 нь Х.Нямбаатарынх, 17 нь Д.Сумъяабазарынх байна. Харин Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар 7, Н.Учралын гэх нэг, Г.Занданшатарын нэг хүн тус, тус нэр дэвшжээ.

Үүнээс харвал нийслэлийн эрх мэдэл Д.Сумъяабазараас Х.Нямбаатар руу шилжиж буй шилжитийн үе дээрээ явж байгаа аж.  

-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГААД УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ХҮМҮҮС ЦӨӨН ХЭДЭН ХҮНЭЭ ДЭВШҮҮЛСЭН Ч ЭЦЭСТЭЭ ТЭД БҮГД НЭГ ХҮН ДЭЭР ЗАНГИГДАНА-

Харин нэг хэсэг Д.Сумъяабазараас нийслэлийн МАН-ыг салгах гэж үзэлцсэн С.Амарсайхан 7 хүнээ дэвшүүлсэн байгаа юм. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдийг тодруулахад тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад одоо УИХ-ын гишүүн болсон Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан болон дүүргийн намын хорооны даргаар ажиллаж буй Ж.Ганбаатар нар хүчээ үзүүлж хүмүүсээ дэвшүүлсэн ч эцэстээ тэд дахин дээрээ нэг хүний дор зангигдаж буй.

Тухайлбал, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нар Баянзүрх, Хан-Уулд өөрсдийн хүнээ дэвшүүлсэн ч тэдгээр хүмүүс нь өөрсдөөр нь дамжин Д.Сумъяабазартай л холбогдож буй.

Нөгөө талд Х.Нямбаатарыг Женкогийнхонтой тохирох, хүмүүсээ тулгаж байгаад өрсөлдүүлэх, хэнийг аль тойрогт ялуулах, хэний эсрэг ямар хүн явуулах зэргээ хамтран зурж байгаа гэх мэдээлэл ч бий. Ийм дүр зурагтайгаар нийслэлийн сонгууль эхэлж байна.  Мэдээлэл хүргэхэд, нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.