Өвөл болон хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдээр морин уралдаан болон үсэргээ, сунгаа, морины ажил хийлгэхийг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн 41-р тогтоолоор хориглож байсан. Уяачдын хувьд Засгийн газрын дээрх тогтоол нь монгол ёс уламжлал, өв соёлыг эсрэг шийдвэр хэмээн нэлээдгүй эсэргүүцэж ирсэн ч ямар нэгэн өөрчлөлтөд өдийг хүртэл хүрээгүй юм. Харин өчигдөр /2026.11.18/ УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, олонхын саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ.
-ХАВАР, ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН Ч ХАРАА ХЯНАЛТГҮЙ НУУЦАР УРАЛДАЖ БАЙГАА НЬ ЭРСДЭЛИЙГ УЛАМ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА-
Аливаа зүйлийг хориглох нь зарим талаараа олон сөрөг талыг авчирдаг. Тухайлбал, хаврын цагт уяачид нууцаар уралдаан зохиодог болсон нь тийм ч том нууц байх аа болиод уджээ. Бараг аймаг сумд бүр цагаан сарын уралдаанаа зохиодог болоод буй. Тэгвэл нууцаар уралдаж байгаа бол морь уралдах зам, хүүхдийн хамгаалалтын хэрэгсэл гээд зүйлүүд дээр хэн ч анхаарал, хяналт тавьдаггүй, сан мэнд уралдаж байгаа нь ардаа маш эрсдэлийг дагуулаад байгаа юм. Харин хаврын уралдааныг сэргээгээд аймаг сумын захиргаанаас өндөр шаардлага тавьж, цагдаагийн хараа, хяналтад хурдан морь унаж буй хүүхдийн хамгаалалтын хэрэгсэл зэргийг шалгаад эхэлбэл жил бүр нууцаар уралдаж, асуудал гаргах тохиолдол буурах нь лавтай.
Өргөн мэдүүлсэн байгаа хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна хэмээн тусгасан нь тогтсон нэг өдөр уралдвал магадгүй цастай, шуургатай өдөр уралдуулахаас сэргийлсэн заалт болж байгаа аж.
Мөн хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахад тавигдах шаардлагуудыг хуулиар зохицуулж өгсөн. Үүнд,
- Морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;
- Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;
- Уралдаанч хүнийг энэ хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;
- Уралдаанч хүнийг энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулж, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх;
- Хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангасан байх;
- Аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах бэлтгэл ажлыг хангасан байх зэрэг заалтууд багтсан.
Түүнчлэн хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдахаар болж замыг багасгах аж.
-ХОРИГЛОСОН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛЖ МОНГОЛ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД ӨВЛИЙН УЛИРАЛД ӨВӨРМОНГОЛД ОЧИЖ УРАЛДАХ БОЛСОН-
Монголчууд бидний үнэт өв, бусдаас ялгардаг том ондоошлуудын нэг бол морь. Мөн малчдыг хөдөө нь торгоож байгаа ганц шалтгаан нь ч шулуухан хэлэхэд морь болсон.
Гэтэл өвөл, хаврын морин уралдааныг хориглосноос шалтгаалан уяач болон уралдаанч хүүхдүүд өвөл, хавартаа Өвөрмонгол руу гарч уралдах тохиолдлууд жилээс жилд ихсэж, тус дүрс бичлэгүүдийг “Tik Tok” зэрэг цахим хуудсуудад тарааж монголчуудын өв соёлын өөрийн мэтээр дэлхий дахинд сурталчлаад нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна.
Гэтэл энэ соёлын эзэд нь болсон бид өвөл, хаврын морин уралдааныг зохиох ямар нэгэн гарц гаргалгаа хайлгүйгээр, зүгээр л “тас” хориглочихсон.
Эргэн сануулахад, Монгол Улсад өвлийн морин уралдааныг Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батласан. Уг тогтоолоор жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.
Харин 2025 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 41 дүгээр тогтоолоор өвөл, хаврын морин уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулж, сунгаа, үсэргээ хийхийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор уяач болон унаач хүүхдүүд Өвөрмонгол явж, морио уяж, уралдуулах болсон байна. Харин уяачид болон зарим иргэд "Монголчууд эх орондоо хурдан морио уяж, уралдуулах боломжгүй болж байгаа нь Монгол өв соёлоо алдаж байгаа хэрэг" хэмээн санаа зовних болжээ.