Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн ерөнхий газарын ахлах мэргэжилтэн Х.Түвшинбаяр, "Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн хамгаалалтыг авч ажиллаж байна. Энэ үеэр хамгаалалтын бүс рүү нэвтэрч болохгүй гэдгийг сануулж удаа дараа шаардлага тавьж, хуулийн заалтыг хэлж сануулсан байтал шаардлага биелүүлээгүй гэх асуудлаар хүмүүс шалгагдаж байгаа. Тодруулбал, "NO war" хөдөлгөөний залуучууд тогтоосон бүс буюу төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл "Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, мөн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн үйлдэлд 15.2 дугаар зүйл "Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан үндэслэлээр хуулийн хүрээнд шалгаж байгаа" гэв.