В.Путин Монголд хийсэн айлчлалаараа "Шатахуун, Эрчим хүч, Төмөр зам"-аар Оросоос хараат бидний зовлонг илүү баталгаажууллаа

В.Путин Монголд хийсэн айлчлалаараа "Шатахуун, Эрчим хүч, Төмөр зам"-аар Оросоос хараат бидний зовлонг илүү баталгаажууллаа

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүн юу вэ, тэр дундаа эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна. Тэгвэл В.Путин нь энэхүү айлчлалаараа Монгол Улсад ашигтай хэлэлцээ хийсэн гэхээс илүүтэй Оросоос хамааралтай монголчуудын зовлонг л ярьчхаад явав.

Манай улс нь урд хөршөөсөө экспортын хувьд 90 хувийн хамааралтай бол хойд хөршөөсөө төмөр зам, шатахуун, эрчим хүчний хамааралтай. Тиймээс ч В.Путин нь өнгөрсөн хугацаанд өөрсдийн бий болгож, үүгээрээ биднийг хааш нь ч хөдөлгөхгүй хашиж ирсэн гурван зовлонг минь онцолж “За яахав тасалж, тасалдуулахгүй ээ” гэх агуулгыг л хэлчхээд буцлаа. Тодруулбал, өчигдөр /2024.09.03/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  ОХУ-ын В.Путин нар хэлэлцээ хийж, талууд харилцаа хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.

-В.ПУТИН: МАНАЙ УЛС МОНГОЛ УЛСЫГ ЭРЧИМ ХҮЧ, БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШЭЭР НАЙДВАРТАЙ ХАНГАЖ ИРСЭН-

Энэ үеэр В.Путин “Экспорт, импортын эргэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг улам дотно хөгжүүлэх нь чухал. Монгол Евразийн эдийн засгийн холбооны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах санаачлагыг Орос улс дэмжин ажиллаж байгаа. Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны түшиг тулгуур нь “Улаанбаатар төмөр зам” ХНН мөн. Тус төмөр зам Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулсаар  75 жил өнгөрлөө. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг хөгжүүлэх 2030 он хүртэлх урт хугацааны төлөвлөгөөний хэрэгжилт ид өрнөж байна. Тухайлбал үндсэн санд нэмэлт хөрөнгө оруулах, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, суурь бүтцийг шинэчлэх зэрэг ажил хийгдэж байна. Ингэснээр хоёр талын болон Орос, Хятад хоорондын дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байна.Манай орон Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгцээтэй эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай хангаж ирсэн. Тухайлбал өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад гадаадаас оруулсан нийт бензин, дизель түлшний 90 гаруй хувь нь Орос улсаас орж ирсэн. Өсөн нэмэгдэж буй түлш, шатах тослох материалыг хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн Монголын найз нөхдийг хүсэлтийг бид үргэлж ханган ажиллаж байгаа. Байгалийн хийн салбарт хамтран ажиллахыг ирээдүйтэй гэж үзэж байна. Орос, Монгол, Хятадыг холбох 1,000 орчим километр "Союз восток" байгалийн хийн хоолойн зураг төслийн ажлыг бүрэн дуусгасан. Одоо байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байна. Энд Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх асуудал төдийгүй Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломж ч яригдаж байгаа.  Газпром компани Монгол Улсыг байгалийн хийгээр хангахтай холбоотой практикийн асуудлыг шийдвэрлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа маань нүүрс, устөрөгчийн экспортоор хязгаарлагдахгүй. Оросын "Интер РАО Экспорт" компани Улаанбаатар хотын дулааны III цахилгаан станцыг шинэчлэн барих ажилд оролцоно гэж найдаж байгаа. Тухайлбал шинэ тоног төхөөрөмж суурилуулж, станцын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр Монгол Улсын нийслэл хотын оршин суугчид цахилгаан, дулааны эрчим хүчний улам найдвартай эх үүсвэртэй болно. Мөн цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах салбарт хамтран төсөл хэрэгжүүлэхэд нээлттэй. Эдгээр төслийг Оросын хамгийн орчин үеийн аюулгүй технологи тэр дундаа бага оврын реакторыг ашиглан хэрэгжүүлэх боломжтой” гэсэн юм.

Түүний хэлсэн энэ хэсгээс харвал, В.Путин нь Монгол Улсыг Евразийн эдийн засгийн холбоонд албан ёсоор элсүүлэхээр ил цагаанаар шахаж байна. Уншигч та бүхэн санаж буй бол өнгөрсөн өвөл Орос улс нь манайд нийлүүлдэг цахилгаанаа хязгаарлаж улмаар  Улаанбаатарын айл өрхүүдийн цахилгааныг ээлжлэн хязгаарласан.

Энэ үйл явдлын цаана манайхыг тус холбоонд элсэхийг шахсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд ил болж байсан юм. Сонирхуулахад, В.Путины өөрийнх нь байгуулж хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд нэгдсэн энэ холбоог Европын холбоо эсэргүүцдэг юм. В.Путин нь үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Улаанбаатар төмөр замыг" засч сэлбэх нь Хятад, Оросын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ, Орос улс нь Монгол Улсын хүссэнээр шатахуун, эрчим хүчийг ханган нийлүүлж байна. Оросын компани Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийнэ зэргээр ярьсан байна. Гэхдээ зарим иргэд "Оросоос нэг тэрбум еврогийн зээл авч хуучин станцыг засахын оронд шинэ цахилгаан станц барих нь илүү үр ашигтай. Оросууд биднийг эрчим хүчний хувьд үргэлжлүүлэн хараат байлгах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шахахын тулд ийм тулгалт хийж байна" гэх шүүмжлэлийг хэлж буй билээ. Тэгээд ч энэхүү хэлэлцээрийн үр дүнд Орос л хожихоор байгааг УИХ-ын гишүүд эхнээсээ ярьж буй. Бид ч тус хэлэлцээртэй холбоотой холбогдох баримт бичгүүдийг ил болгосон. ЭНД дарж унших. 

В.Путин нь мөн Францтай хамтран хэрэгжүүлэх ураны олборлох төсөл болон атомын цахилгаан станц барих ажлыг эсэргүүцэж, “Бид бага оврын реактор ашиглан цөмийн эрчим хүчний төслийг хэрэгжүүлж” болно гэж өчигдөр хэлэв. Орос улс нь өнгөрсөн өвөл шатахуун болон цахилгааны нийлүүлэлтээ түр тасалдуулсан нь манай Францтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг эсэргүүцсэнтэй нь холбоотой гэгддэг. Цаашлаад үүний дараа өөрийн улсын төв хэвлэлд "Монголд бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө" гэх агуулга бүхий мэдээллийг нийтэлж байлаа. Эцэст нь хэлэхэд, тус улс нь биднийг шатахуун, эрчим хүчээр дахин олон жил хараат байлгаж, хүссэнээ тулгах өөр бусад гуравдагч хөрштэй хамтран хэрэгжүүлэх төслийг зогсоох, шинээр цахилгаан станц, газрын тосны үйлдвэр барих зэргийг гацаах ажлаа үргэлжлүүлэх нь энэ бүгдээс тодорхой болов. Өөрөөр хэлбэл, В.Путин нь өөрсдийнхөө зохиож бидэнд наасан зовлонгоо ярьснаас бусдаар харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй нэг .

-МОНГОЛД ОРОС ХЭЛЭНД ДУРТАЙ, ОРОС ХЭЛИЙГ СУРАХ СОНИРХОЛТОЙ ХҮН ОЛОН БАЙГАА НЬ БИДЭНД МАШ ЧУХАЛ-

Тэрбээр мөн үргэлжлүүлэн “ Манай хоёр улс соёлын өдрүүд болон хүмүүнлэгийн соёлын хамтарсан арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Жуулчдын солилцоо сүүлийн үед улам нэмэгдсэн. Монголын тамирчид Орос улсад болсон олон улсын томоохон арга хэмжээнд идэвхтэй оролцсон. Аравдугаар сарын 17-19-нд Москва хотод болох олон улсын чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид ирэхийг урьж байна. Bанай улс Монголын эдийн засагт хэрэгцээтэй өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд уламжлалт ёсоор чухал хувь нэмэр оруулж ирсэн. Оросын их, дээд сургуулиудад 2,000 гаруй монгол оюутан суралцаж байна. Улаанбаатар хотод Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургууль үйл ажиллагаагаа амжилттай явуулаад 25 жил болж байна. Монголын залуус Оросын дээд боловсролыг эзэмших сонирхолтой хэвээр байгаа. Тиймээс Орос улс Монголд зориулан хамгийн олон квот буюу 600 гаруй тэтгэлэг жил бүр өгдөг. Мөн Монголд орос хэлэнд дуртай, орос хэлийг сурах сонирхолтой хүн олон байгаа нь бидэнд маш чухал. 10 жилийн хугацаанд орос хэлийг заах систем боловсронгуй болсон бөгөөд энэ нь шинэ мэдлэг олж авах, Орос улстай харилцах, ажил хэрэг, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд тус дөхөм болно. Цэрэг техникийн болон терроризмтой тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярихад талууд энэхүү салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг гэж санал нийлсэн. Олон талын асуудлын яриа хэлэлцээний үр дүнд дэлхийн болон бүс нутгийн асуудлаар Орос, Монголын тус тус баримталж буй байр суурь нь ижил төстэй байв.  Айлчлалын хөтөлбөр үргэлжилж байгаа бөгөөд Монголын түншүүдтэй хамт хийсэн ажил, энэ өдрүүдэд хүрсэн болон хүрэх тохиролцоо нь хоёр орны олон чиглэлийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.  Биднийг халуун дотноор хүлээн авч байгаа ноён У.Хүрэлсүх танд болон Монголын нийт найз нөхөд та бүхэнд баярласан талархсанаа дахин илэрхийлье" гэсэн юм. Оросын хариуцлагатай албан тушаалтнуудын  монголчуудыг орос хэл сургах сонирхолтой байгаагаа хэдэнтээ илэрхийлсний хамгийн сүүлчийнх нь энэ болж байна. 

Харилцан ашигтай, хамтын ажиллагааны баримт бичгийг ч шатахуун, эрчим хүчний салбарын хүрээнд байгуулсан юм. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу.