"В.Путины Монголд хийж буй айлчлал нь дотоод болон гадаадад хүчирхэг удирдагч гэдгээ батлах зорилготой" гэж ОУ-ын хэвлэлд бичжээ

"В.Путины Монголд хийж буй айлчлал нь дотоод болон гадаадад хүчирхэг удирдагч гэдгээ батлах зорилготой" гэж ОУ-ын хэвлэлд бичжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нь манай улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр өнгөрсөн шөнө Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалыг дэлхийн олон улсын улс төрийн шинжээч, судлаачид олон талаас нь  тайлбарлаж буй. Тэгвэл CEPA буюу “Center for European policy Analysis” хэвлэлд дараах нийтлэлийг гаргажээ.

Тус нийтлэлд, “Олон улсын эрүүгийн шүүх Владимир Путиныг эрэн сурвалжлагдаж байгаа гэж зарласан. Түүнийг дайны гэмт хэрэгт, ялангуяа Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан Орос руу шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Харин Монгол Улс Ромын дүрэмд гарын үсэг зурсан орны хувьд түүнийг баривчлах үүрэг хүлээсэн. Гэтэл В.Путиныг угтан авахдаа улаан хивсэнцэр дэвсэж, ёслол төгөлдөр угтан авлаа. Хэрэв баривчлагдаж болзошгүй байсан бол В.Путин хэзээ ч айлчлал хийхгүй байсан нь мэдээж. Монгол Улс В.Путиныг баривчлахгүй гэж аль хэдийнээ мэдэгдсэн.

ОХУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн жил Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаас зайлсхийсэн бөгөөд үүний дараа зохион байгуулагчид ОУЦХ-ыг В.Путиныг баривчлахаас чөлөөлөх хүсэлт тавьж байсан удаатай. 

Мөн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса нь В.Путиныг баривчлах оролдлого хийх нь Оростой дайн зарласантай ялгаагүй хэмээн тайлбарлаж байв. Монгол Улс ч ийм айдасдаа хөтлөгдөж байгаа нь мэдээж.

В.Путины айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар болж буй. Тодруулбал, Зөвлөлт-Монгол Япон улсыг ялсны 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэхүү дээд хэмжээний уулзалт болж байгаа юм. Уг айлчлалыг дипломат, түүхэн үйл явдал гэж тодорхойлсон ч Москва хэд хэдэн зорилтод хүрэхийг хүсч байгаа.

Тодруулбал, Нэгдүгээрт, Курск хотод болж буй үйл явдлуудаас анхаарлыг сарниулж, В.Путиныг дотоод болон гадаадад хүчирхэг удирдагч гэсэн дүр төрхийг хадгалахад туслах гол зорилготой. Хоёрдугаарт, В.Путиныг Унгар, Армени зэрэг улсууд баривчлахгүй гэж баталж байгаа нь шүүхийн үр нөлөөг улам дордуулж байна. Хэрэв дэлхийн дэг журам суларсаар байвал Оросын дайны гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох боломжгүй болох бөгөөд энэ нь ОХУ-д тун ашигтай. Гуравдугаарт, Орост тулгарсан эдийн засгийн сорилттой тэмцэх шаардлагатай байгаа тул Ази дахь нөлөөгөө өргөжүүлэхийг эрмэлзэж байна.

Монгол бол В.Путины эрчим хүчний төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд ялангуяа "Сибирийн хүч-2" хийн хоолойн төсөл нь хэрэгжиж эхэлнэ гэж найдаж байгаа нь дамжиггүй.

Одоогоор Монгол Улсын байр суурь тодорхойгүй байна. Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Орос, Хятад улс эзэлдэг. Энэ хараат байдал нь тус улсын бие даасан шийдвэр гаргах чадварыг хязгаарлаж байгаа нь тодорхой. Мөн Европын Комисс Монгол Улсыг хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсаар байгаа" гэж “Center for European policy Analysis” хэвлэлд дурджээ.