Өчигдөр /2024.08.12/ орой 17:00 цагийн орчимд гэнэт л “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарын гарын үсэг зурах арга хэмжээ камерын өмнө болж, тэд олон нийтэд ямар нэг тайлбар мэдэгдэл хийхгүйгээр арга хэмжээг дуусгасан юм.
-БҮЛГИЙН ХУРЛААСАА ЧӨЛӨӨ АВСАН Л.ГАНТӨМӨР ГИШҮҮДЭЭСЭЭ НУУГДАН ХАМТАРСАН ЗГ-ЫН ГЭРЭЭНД ЯАРАН ОЧИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-
Харин Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг гарын үсэг зурж байх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаж хамтарсан Засгийн газрын гэрээний төсөлд санал шүүмжлэлээ хэлж, шийдвэр гаргаагүй байж. Гэтэл тэдний араар, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ мэдэгдэхгүйгээр Л.Гантөмөр “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх гэрээнд гарын үсэг зурсан нь олон гишүүдийн дургүйцлийг төрүүлжээ. Тодруулбал, өчигдөр /2024.08.12/ өглөө эхэлсэн УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Л.Гантөмөр оролцоогүй бөгөөд түүнийг “ОХУ-ын сайд монголд ирсэн тул намын дарга чухал уулзалттай болоод чөлөө хүссэн байгаа” гэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан байна.
Гэтэл Л.Гантөмөр гаднын зочинтой уулзах биш АН-ын бүлгийн хурлынхаа араар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх хамтарсан Засгийн газрын гэрээнд гарын үсэг зурж, шууд дамжуулалтаар гарсан байна. Иймд УИХ дахь АН-ын бүлгийн олон гишүүн Л.Гантөмөрт дургүйцлээ илэрхийлж, түүнийг огцруулах асуудлыг тавина гэдгээ илэрхийлж эхэлжээ.
ВИДЕО: Л.Гантөмөр АН-ын бүлгийн гишүүдийнхээ гараар гүйцж ЗГ-ын гэрээнд гарын үсэг зуржээ
Учир нь “хамтарсан Засгийн газрын гэрээг боловсруулах” ажлын хэсэг МАН болоод АН-аас тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй гараад байж. Тухайлбал, АН-ын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Цэнгүүн нарын таван хүн багтаж, хоёр талаасаа гэрээний төслөө боловсруулж байжээ. Гэтэл өчигдөр өдөр 13:00 цагийн орчимд ажлын хэсэг дээр хэлэлцэгдээгүй шал өөр “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх гэрээг АН-ын бүлгийн гишүүдэд тарааж, тэдний “гайхширал”-ийг төрүүлжээ. Гэтэл удалгүй гаднын зочинтой чухал уулзалттай гээд чөлөө хүссэн Л.Гантөмөр хамтарсан Засгийн газрын гэрээнд гарын үсэг зурж, шууд дамжуулалтаар гарсан АН-ын гишүүдийг уурыг ийнхүү барсан явдал болжээ.
-ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ ГЭЖ ХАМТАРСАН ЗГ-ЫН ГЭРЭЭНД ОРУУЛЖЭЭ-
Тэгвэл “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх гэрээнд АН-ын мөрийн хөтөлбөрт орсон нэг ч зүйл байхгүй гэж АН-ын гишүүд үзэж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүдэд тараасан хамтарсан Засгийн газрын гэрээний “Удиртгал” хэсэгт “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорин” гэж тусгажээ.
Мөн гэрээний “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын 2.1-т “Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлнэ” гэжээ.
Мөн 2.2-д заасан “Эдийн засгийн бодлого”-д инфляцыг 5 хувиас бага түвшинд хадгалах бодлогыг баримталж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ” гэжээ. Улмаар гэрээний 2.2.2-д Боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь бүрэн цахимжуулж, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг жилд 100 сая тоннд хүргэнэ. Хөрш орнуудтай хөндлөн, босоо чиглэлийн төмөр замын холболтыг нэмэгдүүлнэ” гэжээ. Мөн 2.2.4-д , төрийн өмчит компаниудын менежмент шинэчлэлт хийж хөрөнгийн зах зээлтэй уялдуулж чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллах боломж бүрдүүлнэ” гэжээ.
Харин гэрээний 2.4.1-д улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хатуу гишүүнчлэлээс татгалзах, 2.4.3-д “Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, шуурхай болгох, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж, орчныг сайжруулах, хараат бус, бие даасан байдлын баталгааг нэмэгдүүлж, шүүгчийн мэргэжлийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ“ гэж тусгажээ.
-ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД “БОДЛОГЫН ХОРОО” БАЙГУУЛЖ АЖИЛЛАНА ГЭЖ ЗААЖЭЭ-
Талууд энэхүү гэрээний удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Бодлогын хороог байгуулж ажиллуулна. Бодлогын хорооны бүрэлдэхүүнд Монгол Ардын Намын дарга, Ардчилсан Намын дарга, ХҮН Намын дарга, Улсын Их Хурал дахь Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын бүлэг, зөвлөлийн дарга, мөн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга тус тус багтана” гэж заажээ.
Тодруулбал, тус хороонд Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, мөн МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, АН-ын ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нар багтах аж.
Харин гэрээний 3.3-д Энэхүү гэрээний хүрээнд Талууд Улсын Их Хурал дахь намын бүлэг, Улсын Их Хурал, түүний бүтцийн байгууллагуудын хуралдаанд нэгдсэн байр сууринаас оролцож шийдвэр гаргана. УИХ-ын бүтцийн болон харьяа байгууллага, УИХ-аас томилдог болон зөвшилцдөг байгууллагад Талуудын хувь тэнцүүлсэн төлөөллийг хангах бөгөөд томилгоог Талууд зөвшилцөж шийдвэрлэнэ” гэж заажээ.
Мөн тус гэрээний 3.5-д Хамтарсан Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна” гэсэн байна. Энэ УИХ-ын гишүүнийг Төрийн нарийн бичгийн даргад томилох өөрчлөлтийг хийж магадгүй юм. Улмаар гэрээнд “Засгийн газрын гишүүн энэхүү гэрээг зөрчвөл Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж заажээ. Тус гэрээнд МАН, АН, ХҮН намын дарга нараас гадна УИХ дахь бүлгийн дарга нар, ЕНБД нар гарын үсэг зураг аж. Харин тус гэрээнд эсрэг саналтай буйгаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл илэрхийлсэн байна.