УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан МАН-ын зарим хуучин гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилд орж эхэлсэн байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшээд ялагдсан УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод буй.
Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын нэр дэвшигчдээс ганцаараа ялагдсан Н.Хүрэлбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхийн албан тушаалд саяхан томилогдсон байна.
Сонирхуулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн таван нэр дэвшигчдээс Э.Батшугар, Н.Алтаншагай, П.Сайнзориг, Ч.Номин нар ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол Н.Хүрэлбаатар ялагдаж түүний оронд АН-ын нэр дэвшигч Н.Алтанхуяг парламентын гишүүнээр сонгогдсон гэхэд болно. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Энхбаяр УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг МАН-аас нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдсон. Улмаар тэрбээр хамтарсан Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах болсон.