"Парис-2024" зуны олимпын наадамд оролцож буй манай улсын баг тамирчид хоолзүйч, сэтгэлзүйчгүй явсан гэх мэдээлэл олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Тодруулбал, олимпын эрх авсан тухайн улс орны тамирчдын 50 хувьтай тэнцэх хэмжээний албаны хүн оролцоно гэдгийг Олон Улсын олимпын холбооноос заасан байдаг гэдгийг албан эх сурвалж тодотгож буй.
Харин манай улс "Парис-2024" зуны олимпод оролцохоор 32 тамирчин шалгарсан ба тэднийг дагаж Франц улс руу явсан 16 албаны хүн дотор тамирчдын сэтгэлзүйч, хоолзүйч багтаагүй байгаа юм. Энэхүү мэдээллийг бататгаж, "Парис-2024" зуны олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, "Олимпод сэтгэлзүйч, хоолзүйч хамт яваагүй. Онлайнаар холбогдож байсан" гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр тодотгосон юм.
Тэгвэл Монгол Улмаас олимпын наадамд оролцож буй зарим баг тамирчид хоолзүйч, сэтгэлзүйчийнхээ зардлыг өөрсдөө хариуцаад Франц руу авч явсан байна.
Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 05-ны /2024.08.05/ өдөр эхэлсэн "Парис 2024" зуны олимпын чөлөөт бөхийн төрөлд оролцож буй манай улсын баг тамирчид сэтгэлзүйч, хоолзүйч, эмч нартайгаа хамт явсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь Монгол Улсын чөлөөт бөхийн холбоо нь дээрх мэргэжлийн хүмүүсийн зардлыг нь өөрсдөө хариуцаж "Парис 2024" зуны олимпын багтаа багтаан авч явжээ.
Монгол Улсаас "Парис 2024" зуны олимпын чөлөөт бөхийн төрөлд П.Орхон, Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл, Т.Тулга нарын есөн тамирчин хүч үзэж байгаа юм. Тамирчдын эмчээр МУГЭ Ш.Болормаа, массажист эмчээр н.Тунгалагтуяа, сэтгэлзүйчээр У.Чулуунчимэг нар ажиллаж байгаа аж. Одоогоор Э.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал нар учраа бөхдөө ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлээд байна.
Ташрамд сонирхуулахад, манай улс 1964 оны Токиогийн олимпын наадамд анхлан өрсөлдөж өнөөдрийг хүртэл олимпын наадмаас 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байдаг. Өдгөө Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажиллаж байгаа юм.