“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-аар нам, эвсэл 2024 оны 8 дугаар сарын 12-оос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан.
Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана.
- сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр;
- намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
- сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
- энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;
- орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
- намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл.
- Эвслийн сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
- сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;
- эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
- эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
- энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам;
- орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
- эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;
- эвслийн гэрээний хуулбар;
- эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр.
Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, 5 хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргана. Улмаар орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 8 дугаар сарын 27-оос 9 дүгээр сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм.