УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН парламентад 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найм, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр дөрвөн суудал авсан. Иймд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намтай нийлж “хамтарсан Засгийн газар”-ыг байгуулаад байна.
-ДЭД САЙДГҮЙ БАЙХААР ТОХИРЧ, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ТОМИЛОХ ТУХАЙ ЯРИГДААД ӨНГӨРЧЭЭ-
Товчхондоо, хамтарсан Засгийн газарт ажиллаж буй АН, ХҮН намын сайд нарыг “Л.Оюун-Эрдэнэд ажилд орсон эрхмүүд” гэж зарим иргэд шүүмжилж буй. Учир нь хамтарсан Засгийн газрын сайдууд томилгоо хийх, яамны бүтцээ “дуран мэдэн өөрчлөх” ч эрхгүй байгаа. Учир нь хамтарсан Засгийн газар бүрдсэн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа “Төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон юм.
Хамтарсан Засгийн газар байгуулагдахад нэг логикийн алдаа гарсан. Тодруулбал, “Улс төрийн намууд Засгийн газраа хамтарч байгуулах гэрээ”-гээ МАН, АН, ХҮН намууд гарын үсэг зурсны дараа “хамтарсан Засгийн газар”-аа байгуулах ёстой байтал, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газар эхлээд “хамтарч танхимаа бүрдүүлчхээд, дараа нь хамтарч ажиллах гэрээгээ ярилцаж” логик алдаа гаргаж байгаа гэхэд болно.
Учир нь долоодугаар сарын 24 /2024.07.24/-ны өдөр болсон Засгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газрын яамдуудын үндсэн чиг үүргийг тогтоосон байгаа юм. Өөрөөр хэлбэл нэрийг нь сольсон яамдууд ямар үүрэг чиглэлээр ажиллахыг хэлэлцэж тохирсон гэсэн үг. Улмаар энэ сарын 10 /2024.08.10/-н гэхэд Засгийн газрын дэргэдэх хороод, агентлагийг хэн удирдах болон дэд сайдтай байх эсэх асуудал шийдэгдэнэ гэж байв. Тодруулбал, АН-аас дэд сайд нарын албан тушаалыг цомхотгохгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн тул “Яамдуудыг дэд сайдтай байлгах эсэх” яриа тохироо явагдаж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл хамтарсан Засгийн газрыг үйл ажиллагааг “дэд сайдгүй” үргэлжлүүлэх ойлголцолд хүрсэн байна. Товчхондоо, АН-ын саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваагүй байна.
Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газрын гишүүдийг “Давхар дээл”-тэй гишүүд буюу УИХ-ын гишүүд бүрдүүлж буй. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ танхимаа парламентын гаднаас биш УИХ-д кноптой гишүүдээс бүрдүүлсэн гэсэн үг. Тэгвэл яамдын Төрийн нарийн бичгийн даргыг УИХ-ын гишүүдээс томилох хувилбар яригдсан байна. Үүний тулд “Төрийн албаны тухай” хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм.
-ХЭНТИЙ АЙМАГТ АН-ААС НЭР ДЭВШЭЭД ЯЛАГДСАН ЗАРИМ ХҮМҮҮС ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДЖЭЭ-
Хамтарсан Засгийн газар бүрдсэн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа “Төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон талаар өмнө өгүүлсэн. Гэтэл хамгийн хачирхалтай нь УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшээд ялагдсан зарим хүмүүс томоохон албан тушаалд томилогдсон байна.
Тодруулбал, УИХ-ын 6 дугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, М.Ганхөлөг, П.Анужин нар нэр дэвшсэн бол АН-аас тус тойрогт Ш.Бямбасүрэн, Э.Төмөрбаатар, Т.Пүрэвхатан, Н.Ганибал, С.Төмөрхүү, Д.Балдан, Ш.Батдэлгэр нар өрсөлдсөн юм.
Тэгвэл АН-ын дээрх нэр дэвшигчдээс С.Төмөрхүү Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Т.Пүрэвхатан Барилгын хөгжлийн төвийн даргаар томилогдсон байна. Т.Пүрэвхатаны хувьд 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд Хэнтий буюу зүүн бүсэд АН-аас нэр дэвшиж МАН-ын нэр дэвшигчдэд удаа дараа ялагдаж ирсэн байна. Харин тэрбээр энэ удаагийн ялагдлынхаа дараа Барилгын хөгжлийн төвийн даргаар томилогдсон байна.