Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд: Монголд парламентын сонгууль болсон нь ардчиллын төлөөх чармайлтыг илтгэн харууллаа

Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд: Монголд парламентын сонгууль болсон нь ардчиллын төлөөх чармайлтыг илтгэн харууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд, "Өнөөдөр би Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцар Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч  бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцар, Монголын харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их баяртай байна.

Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж,  хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна.

Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. НҮБ-аас анхааруулсан “дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох нь Швейцар Улсын хувьд нэн чухал юм.

Монгол Улсад саяхан болсон парламентын сонгуулиар сонгогчдын оролцоо өндөр байж, сонгууль амжилттай болсон нь ардчиллын төлөөх иргэд, төрийн байгууллагуудын хүчин чармайлтыг тод илтгэн харууллаа.

Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан тунхаглалдаа тусгалаа. Швейцар, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг.

Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцар Улсын олон талт гадаад бодлогын нэг тулгуур нь юм. Үүнтэй холбогдуулан энх тайван, тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, ялангуяа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж  байна. Бид дэлхий дахины аюулгүй байдлын тогтолцооны талаар мөн ярилцлаа. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Бүргеншток хотод болсон олон улсын бага хурлын дараа Украинд зүй ёсны, энх тайвныг тогтвортой цогцлоохын төлөө Швейцар Улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Өнөөгийн нөхцөл байдалд энэ олон улсын бага хурал төсөөлж байсандаа хүрсэн. Үүний үр дүн нь асуудлыг урагшлуулахад чиглэсэн арга замыг эрэлхийлэхийг зорьсон. Швейцар Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд хоёр талын оролцоог хангаж байж л энх тайвныг урт удаан хугацаанд цогцлоож чадна. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцар, Монголын хүч чармайлтын талаар бид мөн ярилцлаа" гэжээ.