АНУ-аас Монголд нэг сая ам.долларын санхүүжилт олгож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгоно

АНУ-аас Монголд нэг сая ам.долларын санхүүжилт олгож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгоно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен өчигдөр /2024.08.01/ Монголд албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр Монголд айлчилж буй тав дахь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга юм. Айлчлалын үеэр Монгол Улс болон АНУ-ын хоорондын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн, бэхжүүлэх асуудлаар санал солилцож, олон гэрээ хэлцэл хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийж, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тэгвэл энэ удаагийн Төрийн нарийн бичгийн даргын айлчлалыг уг айлчлалын үргэлжлэл гэж үзэж болох юм. Тодруулбал, Өмнө нь  ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр яригдсан шууд нислэг үйлддэг болох, англи хэлний мэргэшсэн багш нарыг бэлтгэх, цахилгаан эрчим хүчний асуудалд дэмжлэг үзүүлэх гэх мэт яригдсан олон асуудлын үргэлжлэл болж, эдгээрийг ажил хэрэг болгох талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар дэлгэрэнгүй санал солицож, гэрээ хэлэлцээг байгуулсан байна.

-МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭГЭЭР ДАМЖУУЛАН УЛААНБААТАР ХОТЫН УСНЫ НӨӨЦИЙГ 80 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ-

Айлчлал өчигдөр /2024.08.01/ буюу нэг л өдөр үргэлжилсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсыг стартегийн маш чухал түншүүдийн нэг хэмээн хэлсэн нь Төрийн нарийн бичгийн айлчлал эхлэх гол хүчин зүйл болсон талаар тэрбээр хэлж байсан юм. Түүнчлэн уулзалтын үеэр талууд харилцан санал солилцож, гэрээ хэлэлцээг байгуулсан.

Олон асуудлыг харилцан тохиролцсон бөгөөд усны тухай асуудал болон шууд нислэгийн асуудлыг ажил хэрэг болгох үүднээс харилдцан санал солилцож гэрээ байгуулав.

Тодруулбал, “Мянганы сорилтын корпорацийн усны компакт гэрээ”-гээр дамжуулан Монгол улсад усны аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэдгийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен мэдэгдлээ. Энэ хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх аж. 

Мөн өнгөрсөн онд байгуулсан “Нээлттэй тэнгэрийн гэрээ”-нд тулгуурлан, улс хоорондын шууд нислэгийг бий болгохоор ажиллаж байгаа талаар уулзалтын үеэр яригдсан байна.  Энэ нь худалдаа, аялал жуулчлалын шинэ боломжийг бий болгоод зогсохгүй эдийн засгийн хувьд ч чухал үр нөлөөтэй юм. Сонирхуулахад, МИАТ ТӨХК өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авсан бөгөөд тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм.

-МУИС-Д АНГЛИ ХЭЛНИЙ МЭРГЭШЛИЙН ТӨВИЙГ НЭЭЖ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛД НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО-

Боловсролын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын үндсэн гадаад хэл англи хэл байхаар заасан билээ. Тэгвэл монголд англи хэлний багш нарыг бэлтгэхээ ч АНУ зарлалаа. Тодруулбал, АНУ-д монгол оюутнууд суралцахад дэмжлэг үзүүлж, Монголд англи хэл сурах боломжийг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын Их Сургуульд англи хэл заах шинэ мэргэжлийн төвийг нээнэ гэдгийг өчигдрийн уулзалтын үеэр мэдэгдэв. Ингэснээр англи хэлний багш нар заавал гадагшаа явж сурах бус эх орондоо мэргэжлийн өндөр түвшинд сурч боловсрох боломжийг нь нээн өгч, энэхүү асуудлыг хоёр улсын хамтын ажиллагаагаар дэмжиж байна гэж ойлгож болох юм.

Түүнчлэн хүн худалдаалах, албадан хөдөлмөрлөлтөнд өртсөн хүүхдүүдийг хамгаалахад хамтран ажиллах чин хүсэлтэй байгаа гэдэг нь айлчлалын гол сэдвүүдийн нэг байлаа.

Тодруулбал, Хүүхэд хамгааллын компакт гэрээгээр дамжуулан хүүхэд хамгааллын ажлыг дэмжихийн тулд ирэх жилийн хугацаанд нэмэлт 1 сая ам.долларын санхүүжилт Монголд олгохоо зарлалаа.

Ийнхүү АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкений Монголд хийсэн нэг өдрийн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөж, нутаг буцсан. Харин түүний хийсэн гэрээ хэлцлүүд нь өмнө нь АНУ-д айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр яригдсан олон асуудлыг албан ёсоор ажил хэрэг болгоход чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд гуравдагч хөршийн харилцаанд тун ач холбогдолтой айлчлал болж өнгөрлөө.