АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ “Аксесс” хөтөлбөрийг төгсөгч Өвөрхангай аймгийн залуусын төлөөлөлтэй уулзлаа.
Энэхүү хөтөлбөрийг Өвөрхангай аймагт 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн гол зорилго нь эх орондоо байгаа 13-20 насны эдийн засгийн боломж муутай оюутан, сурагчдын англи хэлний үндсэн ур чадвар олгоход оршдог аж. Хөтөлбөрт оролцогчид англи хэлээр дамжуулан цаашид солилцоонд хамрагдан, АНУ-д суралцахын төлөө өрсөлдөх чадвартай болдог ажээ. Энэхүү хөтөлбөрийг анх 2004 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 150 мянга орчим оюутан, сурагч хамрагдсан байна.
“Аксесс” нь Монгол дахь Америкийн Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг англи хэлний боловсролын хэд хэдэн боловсролын хөтөлбөрийн нэг юм.
Үүнээс гадна англи хэлний тэтгэлэгт хөтөлбөр, англи хэлний мэргэжилтэн хөтөлбөр, онлайн мэргэжлийн англи хэлний сүлжээ хөтөлбөр, Фулбрайтын англи хэлний багшийн туслах хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен уг уулзалтын дараа “АНУ болон Монгол Улсын англи хэлний төгөлдөршил санаачилга”-ыг “U.S. Mongolia Excellence in English Initiative” эхлүүлж буйг зарлав. Энэ хүрээнд “Аксесс” хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, Монголын их, дээд сургуулиудад англи хэл заах чадавхыг дээшлүүлэх чиглэлээр суралцагч, мэргэжилтнүүдийн тоог нэмэхээс гадна орон нутгийн англи хэлний сургалтын стандарт, чанарыг цаашид дээшлүүлэх зорилгоор МУИС-ийн дэргэд англи хэлний сургалтын шинэ төвийг нээн ажиллуулах ажээ.