“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол-Хятад-Оросын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Хамтарсан хорооны дөрөвдүгээр хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод гурван талын Зам, тээврийн дэд сайд нарын түвшинд зохион байгуулсан талаар ЗТЯ-наас мэдээллээ.
Хамтарсан хорооны хуралд Монгол Улсаас ЗТЯ-ны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцов. Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан олон улсын автотээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн гурван талын хамтарсан хорооны хурлаар:
- Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар хийж буй тээвэрлэлтийг дэмжих,
- БНХАУ-ын Далянаас Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү чиглэлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зорчигчийн тогтмол бус тээврийн маршрут нээх,
- олон улсын ТИР тээврийн баталгааны хэмжээг нэмэгдүүлэх,
- автотээврийн байгууллагуудын гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Мөн энэ үеэр Зам, тээврийн яамны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Зам, тээврийн яамны орлогч сайд Ли Янтай уулзаж, Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ойрын хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.