“Парис-2024” зуны олимпын наадмын боксын тэмцээн өнөөдөр /2024.07.31/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2024.07.30/ Дэлхийн аваргын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ОУХМ М.Энхжаргал шөвгийн 16-ийн тулаанаа ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Румыны Ленута Лекрамиоратай хийж 4:1-ээр ялж шигшээ 8-д шалгарлаад байна.
Тус тулааны дараа М.Энхжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Маш хүнд тулаан боллоо. Хамгийн хүчтэй өрсөлдөж энэ байлаа. Бие халаалт хийж байхад бие маань нэлээд хүндэрсэн учраас эхний үед хүссэн тулаанаа хийж чадаагүй. Харин үлдсэн үеүдэд тактикаа боловсруулж, багш нарынхаа зөвлөсний дагуу тулалдаж яллаа" гэжээ.
Учир нь тулааны эхний үед манай боксчин М.Энхжаргал 3:2-оор ялагдсан. Харин хоёр болон гуравдугаар үед тэрбээр оновчтой цохилт хийж 4:1-ээр ялж, шөвгийн наймд шалгарсан юм.
Харин М.Энхжаргалын олимпын хүрэл медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга Туркийн тамирчин Хатич Акбастай маргааш /2024.08.01/ тулалдана. Тэрбээр Туркийн тамирчныг ялсан тохиолдолд олимпын наадмаас медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болох юм. Сонирхуулахад, Америкийн Sports Illustrated сэтгүүлээс "Парис 2024" зуны олимпын наадмын медальтнуудыг урьдчилан таамагласан. Тус мэдээлэлд, боксын 54 кг-ын жинд хүч үзэх М.Энхжаргалыг олимпиос хүрэл медаль авах бүрэн боломжтой гэсэн байдаг.
ВИДЕО:
"Парисын олимпоос медаль авах бүрэн боломжтой" тамирчдын тоонд багтаж буй М.Энхжаргал хүрэл медалийн төлөөх тулаанаа маргааш хийнэ https://t.co/VdeVi8nIao pic.twitter.com/Tul5PFOb9K
— iSee.mn (@iSee_MN) July 31, 2024