Баянгол дүүргийн АН-ын хорооны гишүүд "С.Эрдэнэ болон түүний төлөөний хүнээс намаа салгах"-аар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Баянгол дүүргийн АН-ын хорооны гишүүд "С.Эрдэнэ болон түүний төлөөний хүнээс намаа салгах"-аар гарын үсэг цуглуулж эхэлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулиар нийслэлийн Баянгол дүүрэгт АН-аас С.Эрдэнэ, Ц.Алтанцэцэг нарын гурван хүн нэр дэвшин, өрсөлдөөд ялагдал хүлээсэн. Баянгол дүүргийн АН-ын хороог олон жилийн хугацаанд С.Эрдэнэ болоод түүний хамаарал бүхий хүмүүс удирдаж ирсэн гэдэг.

Энэ утгаараа Баянгол дүүргийн АН-ын хороог "Эрдэнэ вангийн хошуу" гэх нь ч бий. Өдгөө Баянгол дүүргийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Эрдэнийн хүн гэдэг н.Мөнгөнтулга хэмээх эрхэм удирдаж байгаа аж. 

Тэгвэл Баянгол дүүргийн АН-ын хорооны гишүүд "намын даргаа өөрчлөх" гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, АН-ын аймаг, дүүргийн намын хороонд тус бүр 160 орчим гишүүн байдаг бөгөөд тэд аймаг, дүүргийн намын даргаа олонхын саналаар сонгох бүрэн эрхтэй ажээ. Товчхондоо, Баянгол дүүргийн АН-ын хорооны гишүүд С.Эрдэнэ болоод түүний тавьсан хүнээс намын удирдлагаа салгаж авахаар ийнхүү гарын үсэг цуглуулж эхэлсэн байж магадгүй байна.