УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сард хуралдуулж, төсвийн тодотгол болон хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сард хуралдуулж, төсвийн тодотгол болон хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ

Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийхээр болж, төслийг боловсруулж буй. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон хамтарсан намуудын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж дээрх асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сард хуралдуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10-40 хувиар нэмж, тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Эдгээр шийдвэрээс шалтгаалж 2024 оны төсөв өмнөх оны төсвийн зарлагаас 22 хувиар нэмэгдсэн. Мөн малчдын зээлийг нэг жилээр хойшлуулж, хүүгийн зөрүүг төсвөөс банкуудад олгох, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд таван их наядын хөнгөлөлттэй зээлийг малчдад олгосон юм. Сонгууль дуусаж, зарлага ихтэй төсөвтөө тодотгол хийхээр болж байна. Одоогоор Засгийн газар төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа бөгөөд ямар зарлагуудад өөрчлөлт оруулах нь тодорхойгүй байгаа юм.

Түүнчлэн Засгийн газарт хамтран байгуулсан гурван нам “Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээ байгуулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. Тус гэрээг УИХ-ын тогтоол болгох бөгөөд гэрээг зөрчсөн сайд нарыг огцруулах хүртэлх арга хэмжээ авах аж. Иймд хамтарсан ЗГ-ын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэн тогтоол болгон батлах бөгөөд ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.