Өнөөдөр манай долоон тамирчин олимпын наадмын тэмцээнээ эхлүүлнэ

Өнөөдөр манай долоон тамирчин олимпын наадмын тэмцээнээ эхлүүлнэ

“Парис-2024”  Зуны XXXIII олимпын наадам өнөөдөр албан ёсоор “ хөшиг” өө нээнэ. Монголын баг тамирчид байт харваан төрөлд тэмцээнээ эхлүүлсэн бол өнөөдөр /2024.07.27/ манай 7 тамирчин Парисын олимпын наадмын тэмцээнээ эхлүүлнэ.

С.Жамбалжамц ганцаарчилсан 32,4 км-ын зайд уралдана

Олимпын наадмын ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн боллоо.  Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг батлав. Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөв. Азиас 10-аад орон Олимпын  1 эрх авсан бол  Казахстан, Монгол, Япон улсад  2 зайд уралдах 2 эрх олгосон юм.

Жүдо бөхийн төрөлд Э.Ариунболд эрэгтэйчүүдийн  60 кгд, Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн 48 кгд барилдана

Эмэгтэйчүүдийн 48 кгд Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн болон дэлхийн аварга, ОУХМ  Б. Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялаад Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Эрэгтэйчүүдийн 60 кгд дэлхийн аваргын мөнгөн медальт,  Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э. Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрээр D зоонд эхний барилдаанаа Египтын Сэми Юссритэй. Ялвал Францтай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорино.

Буучид цэц сорино

Буудлага спортын шигшээ багийн тамирчид Парис- 2024 зуны олимпын наадамд өрсөлдөх  3 эрх аваад буй. Өнөөдөр буюу манай цагаар 2024.07.27 ны өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваахүү эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд хүч сорих юм. Мөн урт бууны холимог багийн төрөлд ОУХМ О. Есүгэн, Н. Баяраа нар цэц сорих юм.

Боксынхон рингэнд гарна

“Парис 2024”- зуны олимпын  наадмын боксын төрлийн сугалаа явагдав. Манай улсаас  эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал өрсөлдөнө. Тэрээр эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн  Чараабитай тулалдах юм.