ВИДЕО: "Өнгөрөгч тавдугаар сард ашиглалтанд оруулна" гэж Д.Сумьяабазарын мэдэгдсэн Циркийн барилгын засвар одоог хүртэл дуусаагүй байна

ВИДЕО: "Өнгөрөгч тавдугаар сард ашиглалтанд оруулна" гэж Д.Сумьяабазарын мэдэгдсэн Циркийн барилгын засвар одоог хүртэл дуусаагүй байна

Монголын циркийн урлаг дэлхийн түвшинд хөгжиж, монгол циркчид эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсаар байна. Гэтэл тэд эх орондоо орох байргүй, монгол хүүхдүүд үзэх циркгүй олон жилийн нүүрийг үзлээ. 2020 онд “иж бүрэн засвар хийнэ" гэж хэлээд хаасан циркийг өнөөг хүртэл нээгээгүй, хэзээ нээх нь тодорхойгүй байна. Иймд бид циркийн барилга дээр нь очиж, хэзээ ашиглалтанд орох талаар холбогдох ажилтнуудаас тодруулж, засварын ажил ямар шатандаа яваа талаар дараах мэдээ, сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО: 

-ЦИРКИЙН БАРИЛГЫГ АНХ БАРИХДАА 100-150 ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ГЭЖ БАЙСАН БОЛОВЧ 50 ЖИЛ БОЛОВ УУ ҮГҮЙ ЮУ ИЖ БҮРЭН ЗАСВАР ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН АЖ-

1971 онд одоогийн Монголын Үндэсний циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Энэ үед Монголын циркт 40 гаруй амьтан, 200 гаруй уран бүтээлчид циркийн тоглолт үзүүлдэг байжээ. Улмаар 2008 онд Сүмогийн их аварга Д.Дагвадорж "үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, зориулалтын дагуу ашиглах болзолтойгоор" гэрээ хийн хувьчлан авч, “АСА” цирк нэртэй болсон байдаг.

Гэтэл хувьчлан авснаасаа хойш циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж, ресторан, паб, авто угаалгын газар, арилжааны банк ажиллуулж байгаад 2020 онд хаасан юм.

Циркийн барилгыг анх ашиглалтанад орох үед 100-150 жилийн настай барилга гэж байсан боловч 50 жил болов уу үгүй юу иж бүрэн засвар хийх шаардлагатай болсон гэж үзжээ. Ийнхүү эзэмшигчдийн зүгээс “иж бүрэн засвар хийнэ” гэж хэлээд 2020 онд циркийн барилгыг хааж, дотроос нь нурааж эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрлөө. Тухайн үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр циркийн удирдлагын зүгээс, “Өнгөрөгч долдугаар сараас үе шаттайгаар засварын ажлыг эхлүүлж, 2021 оны зургаадугаар сард шинэ байрныхаа нээлтээ хийнэ” гэж мэдэгдэж байсан.

-ЦИРКИЙН БАРИЛГА ОДОО Ч АШИГЛАЛТАНД ОРОХ БОЛООГҮЙ, ХЭЗЭЭ ОРОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Улмаар өнгөрөгч нэгдүгээр сард хотын дарга асан Д.Сумьяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тавдугаар сарын 1-нд циркийн барилга ашиглалтанд орно гэж мэдэгдэж байсан. Гэтэл нээлтээ хийнэ гэсэн энэхүү хугацаанаас хойш хэдийнээ гурван сарын хугацаа өнгөрчээ. Иймд бид циркийн барилга дээр очиж, барилгын ажил ямар шатандаа яваа талаар сурвалжиллаа.

Биднийг очиход циркийн барилгын гадна талаар битүү төмөр хашаа татсан бөгөөд харуулын зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагыг дотогш оруулах боломжгүй гэв.

Ийнхүү бид циркийн барилгын харуулаас барилгын ажил дуусах дөхөж байгаа эсэхийг асууж тодруулахад, “Засварын ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар дотоод заслын ажил явагдаж байна. Хэзээ дуусахыг нь хэлж мэдэхгүй. Тодорхойгүй байна” гэсэн юм.

Ийнхүү циркийн барилга хэзээ ашиглалтанд орж, монгол хүүхдүүд үзэх цирктэй, циркчид нь орох байртай болох нь тодорхойгүй байна. Харин Монголын циркийн уран бүтээлчид дэлхий даяар тарж, зарим нь эх орондоо 120 жилийн насжилттай хуучин байрандаа бэлтгэлээ хийж байгаа юм.